Визний баримт хуурамчаар үйлдэх хэрэг тасрахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Визний баримт хуурамчаар үйлдэх хэрэг тасрахгүй байна

Гадаад хэргийн яамнаас пүрэв гариг бүрт хийдэг Мэдээллийн цаг өнөөдөр болж, Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой өнгөрсөн долоо хоногт болсон болоод энэ долоо хоногт болох томоохон үйл явдлуудын талаар мэдээлэл өглөө. Тэдгээрээс дурдвал, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Гадаад хэргийг Сайд Л.Пүрэвсүрэнгийн Япон улсад хийсэн айлчлал, Улсын Их Хурлын Дарга З.Энхболдын мөн Япон улсад хийсэн айлчлал, АСЕМ-ийг угтан зохион байгуулж буй АСЕМ-ийн гишүүн улсуудын Сангийн сайд нарын ээлжит уулзалт зэргийг нэрлэж болно.

“Мэдээллийн цаг”-ийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалыг дүгнэж дараах үгсийг онцоллоо.

– Хамгийн сүүлд 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичиг Монголд айлчилсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2016 оны зургаадугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хувьд Монгол болон Америкийн харилцааны төвшнийг илтгэсэн чухал айлчлал болж өнгөрсөн. Айлчлалын хүрээнд улс төрийн болоод соёлын маш олон асуудлуудыг хэлэлцсэн. Тэдгээрээс одоо анхаарал тавьж байгаа асуудал бол АНУ-тай харилцах эдийн засгийн харилцаа болоод байна. Тиймээс Америк Монголын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахаар эрмэлзэн ажиллаж байгаа. АНУ-ын зүгээс Монголд уул уурхай, банк санхүүгийн салбараар дамжин 300 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө орж ирж байгаа нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсын хувьд чамлалттай бага хэмжээтэй юм. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Айлчлал маш амжилттай боллоо гэв.

Монгол Улс АНУ-тай Олон Улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах талаарх хоёр улс хоорондын хэлэлцээрийг 2013 онд байгуулсан бөгөөд УИХ энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан боловч хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр Мэдээллийн цагийн үеэр энэ оны долоодугаар сараас эхлээд шинэ Захиргааны хууль хүчин төгөлдөр болж, зарим журмууд гарна. Энэ журам хэрэгжсэний үндсэн дээр энэ гэрээ хэрэгжих боломжтой болж байгаа юм гэдгийг салбарын сайд дурдлаа.

Харин Америкийн визний тал дээр Сайд Л.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө.

-АНУ-ын иргэд манай оронд 1994 оноос хойш визгүй зорчиж байна. Иймээс харилцан тэнцүү байхын тулд манай иргэдийн авах визний асуудлыг хөнгөвчлөх ямар боломж байгаа тал дээр Америкийн талтай ярилцаж байгаа.

Түүнчлэн, иргэдийн зүгээс дансны хуулбар, боловсролын диплом гэх мэт визний бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх явдал тасрахгүй байгааг дурдаад визний зөвлөгөө өгөх нэрийдлээр хуурамч бичиг баримт гаргадаг хүмүүсийн үйлдэл нь эргээд олон хүний эрхийг зөрчиж байгаа учраас ард иргэдийг энэ төрлийн үйлчилгээнд итгэж зөвлөгөө авч болох нь зүйн хэрэг боловч хуурамч бичиг баримттай холбоотой хэрэгт орж, хар тамга даруулахаас зайлсхийхийг анхаарууллаа.

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж