Монголын шагайн холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд Шагайн асарт зохион байгууллаа. Тус холбооноос улсын цол зэрэг олгодог тэмцээн жилд хоёр удаа болдогийн нэг нь УАШТ билээ. Энэ жилийн улсын аваргад Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорнод зэрэг аймаг, дүүргийн 75 багийн 650 гаруй харваачид оролцсон байна. Зөвхөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгаас харваачид оролцоогүй аж.
Багийн харваанаас нийт 20 баг үлдсэнээс шилдэг найман баг тодорсон. Эндээс дөрвөн баг цааш өрсөлдсөнөөс улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн ЗДТГ-ын баг түрүүлсэн бол аймгийн гоц мэргэн А.Эрхэмбаяр ахлагчтай Дундговь аймгийн баг, үлэмж дархан мэргэн Г.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Мөн улсын аваргын хувийн харваанд Өмнөговь аймгийн харваач, улсын үлэмж дархан мэргэн У.Дэмүүл түрүүлж, улсын мэргэн А.Амарбаяр, аймгийн гоц мэргэн С.Амгаланбаяр нар удаалжээ.
БАГИЙН ДҮН:
- Алтан медаль: Улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн ЗДТГ
- Мөнгөн медаль: Аймгийн гоц мэргэн А.Эрхэмбаяр ахлагчтай Дундговь аймгийн баг
- Хүрэл медаль: Улсын үлэмж дархан мэргэн Г.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг
- IV байр: Улсын үлэмж дархан мэргэн Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус шилдэг дөрөвт багтжээ.
ШИЛДЭГ НАЙМ:
- Баттулга ахлагчтай Завхан аймгийн баг
- Б.Шинэбаяр ахлагчтай УБ хотын "Уранган" баг
- Б.Ганхуяг ахлагчтай УБ хотын баг
- Н.Бямбаа ахлагчтай УБ хотын багууд шилдэг наймд багтжээ.
ХУВИЙН ХАРВАА:
- Улсын Үлэмж дархан мэргэн У.Дэмүүл /Өмнөговь аймгийн ЗДТГ/
- Улсын мэргэн А.Амарбаяр /Дорноговь аймгийн "Суман зурхай" ХХК/
- Аймгийн Гоц мэргэн С.Амгаланбаяр /Хэнтий аймаг/
- Аймгийн Гоц мэргэн А.Эрдэнэцогт /Булган аймаг/
- И.Баттүвшин /Улаанбаатар/
- Улсын Үлэмж дархан мэргэн Э.Болд /Өмнөговь аймгийн ЗДТГ/ тус тус шалгарлаа.
Ч.БОЛОР