Аюушийн Мөнхбат арай биш ээ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Аюушийн Мөнхбат арай биш ээ

Монголын залуучуудын холбоо цагтаа хамгийн гэгээлэг байгууллага байлаа. Өмнөх түүхийг эргэн санахад Монголын нийгэмд өнгө гэрэл нэмсэн чадварлаг залуучууд төлөвшиж, хамгийн шинэлэг санал санаачилга ч Спортын ордны ардхан талд байрлах Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны байраас гарч байсан цаг саяхан.

Харин Аюушийн Мөнхбат залуучуудын холбоог ахлах болсноос хойш залуучуудын байгууллага танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Залуучуудын гэх тодотголоос өөр танил төрх тэнд үлдсэнгүй. Эгээ л нэг улс төрийн, тэр дундаа хар “пи-ар”ын байгууллага болон хувирав. Дарга нь хүртэл Ерөнхийлөгч өргөмжлөлтэй, салбар нэгжүүд нь байнгын хороо гэх томдсон тодотголтой, Төрийн ордны жижгирүүлсэн хувилбарыг тэнд бүтээж байна. Улс төр гэх бохир тоглоом руу төлөвшиж амжаагүй залуучуудыг уруу татах нь А.Мөнхбатын ганц хийдэг ажил болжээ. Улс орноо гэх зөв сэтгэлтэй хүмүүсийг УИХ-д сонгоё гэсэн уриалгыг эхэлж тавьсан ч аажимдаа барьцаа чангаруулж, хар цагаан жагсаалт, хулгайчгүй Монгол гэхчлэн хачин сонин уриалгыг гарган, түүндээ залуучуудыг олноор нь татан оролцуулж байгаагийн цаана ямар нэгэн улс төрийн нам хүчин, фракц, хэн нэг улстөрч байгааг үгүйсгэх аргагүй юм.

Түүний эхлүүлсэн хар “пи-ар”-ын давалгаа хэрээс хэтэрч, бүдүүлэг доромжлол болон хувирсан нь А.Мөнхбат гэдэг хүнийг залуучуудын байгууллагын удирдагч гэхээсээ илүү бохир суртал ухуулагч болгон харагдуулах боллоо. Залуучуудыг манлайлагч /МЗХ-ны тэргүүн бол тийм байх үүрэгтэй/ салаавч үзүүлсэн зургаа фэйсбүүкт оруулсан нь түүнийг хэн бэ гэдгийг харуулж байна бус уу. Аюушийн Мөнхбат арай л биш ээ.

Залуучууд гэдэг нэр томъёонд 18-39 насныхан багтаж байгаа ч 18-25 насныхан МЗХ-ны үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог юм билээ. Бие хүнийхээ хувьд төдийгүй үзэл бодол нь төлөвшиж хараахан амжаагүй “нялх Сэнгүм”-үүдийг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх цагаас нь хумслан улс төрийн бохир тоглоомд уруу татахаа болиоч ээ, А.Мөнхбат аа гэж хэлэх хүн цөөнгүй байна. Монголд улс төрийн хэнээтнүүд бус эрдэм боловсролтой, соёлтой, төлөв төвшин залуучууд хэрэгтэй байна.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж