Хяналтын байгууллага төсөв бүрдүүлэгч биш гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Хяналтын байгууллага төсөв бүрдүүлэгч биш гэв

“Хяналтын шинэтгэл: Эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” сэдэвт олон улсын бага хурал яг одоо ”Шангрилла” зочид буудлын хурлын танхимд болж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банкны худалдаа, өрсөлдөх чадварын газар хамтран зохион байгуулж буй олон улсын хурлаар мэргэжлийн хяналтын байгууллагад хэрэгжиж буй төсөл хийгээд хяналтын байгууллагын өнөөгийн өнгө төрх, өөрчлөлт шинэчлэлт хийгээд алдаа оноог дэнсэлж буй юм. Энэ удаагийн хуралд нийт 22 орны зочид төлөөлөгчид оролцож байна. Олон улсын хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ мэргэжлийн хяналт шалгалтын тоо 2009-2015 онд дунджаар 57 хувиар буурсан бөгөөд сүүлийн 4 жилд аж ахуй эрхлэгчид төрийн хяналтад зарцуулдаг захиргааны зардлыг таван тэрбум гаруй төгрөгөөр хэмнэснийг онцолсон юм.

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 188 орноос 79 дүгээр байрнаас 56 дугаар байр руу урагшилсан гэсэн үнэлгээг олон улсын хурлын үеэр онцолж байлаа. Мэргэжлийн хяналтын байгууллага 2003 онд үндэс сууриа тавьсан бол 2008 оноос өнөөг хүртэлх хугацаанд “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийг хэрэгжүүлж иржээ. Төслийн зөвлөх Флорентин Бланк өнгөрсөн долоон жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад гарсан сайн, саар талыг дүгнэн ажлаа тайлагнасан юм. Тэрбээр мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн хянаж шалгада, торгож шийтгэдэг байгууллага мэтээр ажиллаж байсан бол төсөл хэрэгжих хугацаанд үүрэг статусаа бүрэн өөрчилж, бизнес эрхлэгчдэд тусалж дэмждэг, зөвлөдөг түнш байгууллага болсныг онцолж байлаа. Хяналт шалгалтыг эрсдэлд суурилан явуулах болсон бөгөөд шалгалтын тоо ч эрс буурч, хяналтын байгууллагын дарамт, шахалт багассаныг тодотголоо.

Гэвч хяналтын байгууллагыг төсөв бүрдүүлэгч мэтээр үздэг, торгууль шийтгэвэрээр цуглуулах мөнгөн дүн тогтоодог хэвээр байгааг тэрбээр буруушаав. Мэргэжлийн хяналтын байгууллагад төсөв бүрдүүлэх үүрэг оногдсоор байгаа цагт торгодо, шийтгэдэг зуршил арилахгүй гэдгийг мөн хэлж байлаа. Түүнчлэн төсөл хэрэгжсэн долоон жилийн хугацаанд МХЕГ-ын дарга найман удаа солигдсон нь төслийн болоод мэргэжлийн хяналтын байгууллагын тогтвортой ажиллагаа, шинэчлэлд тушаа болсон гэдгийг үгүйсгэсэнгүй. Энэ байгууллагад улс төрийн зорилготой халаа сэлгээ хийхээ больж, тогтвортой байдлыг хангах хэрэгтэйг тодотгосон юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага маш өргөн хүрээнд хяналт шалгалт явуулдаг. Байгаль орчин, уул уурхай, барилга, хүнсний аюулгүй байдал гэхчилэн салбар нэг бүрт хүрч ажиллахын тулд маш олон хүн хүч хөдөлмөрөө зориулдаг. Одоогийн байдлаар МХЕГ болоод салбар нэгжүүдэд нийтдээ 2200 гаруй байцаагч нар ажилладаг байна. Энэ өргөн бүрэлдэхүүн дунд ажлын давхардал байх магадлалтайг гадаадын мэргэжилтнүүд бас сануулж байлаа. Тухайлбал хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн хяналттай хамтатгахад болохгүй гэх газаргүйг дурдсан нь анхаарал татсан юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж