Хэлмэгдэгсдийн хүүхдүүд байртай болохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн хүүхдүүд байртай болохыг хүслээ

“Миний аавыг 1937 онд баривчилж, 1938 онд хэлмэгдүүлэлтээр хөнөөсөн. Тухайн үед би 12 настай байсан санагдана. Аавын минь хоёр ах ч гэсэн хэлмэгдүүлэлтээр амиа алдсан юм. Үүний дараагаар хэлмэгдэгсдийн хүүхдүүдийг ад үзэж, сургуулиас нь хөөж, эд хөрөнгөгүй, эрдэм боловсролгүй нийгмийн золиос болгосон. Би хуучин циркийн ард байрлах Урлагийн дунд сургуульд шалгарч тэнцсэн хэдий ч хоёр жилийн дараа хөөгдөж байсан түүхтэй. Одоо би өөрийн гэсэн орон гэргүй, аль наашаа гэх ахан дүүстээ толгой хорогдож байна. Улсаас биднийг анхаарч, ядаж орох оронтой болгож өгөхийг горьдож сууна даа” хэмээн Дорнод аймгийн уугуул 83 настай буурай Г.Лхамсүрэн нүдэндээ нулимстай өгүүлэв.

Ийн өнөөдөр /2016.06.07/ Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус ТББ-ын тэргүүн, судлаач Д.Дашдаваа “Улсаас 1998 онд баталсан Цагаатгалын тухай хуулийн дагуу хилс хэргээр цааздагдсан ба ял шийтгүүлсэн хэлмэгдэгчдэд нөхөн олговор гэж нэг сая төгрөгийг нэг удаа олгосон. Хамгийн сүүлд 2004 онд хэлмэгдэгчдийн ар гэрт 70 сая төгрөг өгнө гэж амласан боловч одоог хүртэл хийж байгаа ажил харагдсангүй. Тиймээс настай бидний сэтгэлээр тоглож, горьдлого төрүүлж байгаад гомдолтой байна. Бид улсаас тохь тухтай, дулаан байр л хүсч байна” гэж ярилаа.

Одоогийн байдлаар хэлмэгдүүлэлтээр гэр бүл, эд хөрөнгөө алдсан 500 гаруй хүн байдаг бөгөөд ихэнх нь 80-аас дээш настай ахмадууд ажээ. Эдгээр ахмадуудын ихэнх нь ядуу амьдралтай, орон байргүй, боловсролгүй, зарим нь тэтгэвэр ч гүй гэдгээ учирлаж байв.

1930-1940 онд Монгол улс насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг “Хувьсгалын эсэргүү” хэрэгт яллан баривчилж, 15 хувийг нь буудан хороосон байдаг. Мөн 4-5 өрхийн 40 гаруй мянган мал, эд хөрөнгө, гэр орныг “Эсэргүүгийн хөрөнгө” гэж хураан авсан тухай хуралд оролцогчид онцолж байлаа.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж