129 эмэгтэй нэр дэвшигч бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

129 эмэгтэй нэр дэвшигч бүртгэгджээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар мэдээлэл хийж нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч бүртгэжээ. 498 нэр дэвшигчид одоо үнэмлэхээ гардана. Энэ удаагийн сонгуульд 129 эмэгтэй нэр дэвшихээр бүртгэгджээ. Нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших юм байна.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсэг 2016 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-нийг дуустал хугацаанд 12 нам, гурван эвсэл, бие даан нэрээ дэвшүүлэгч 74 иргэний баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад бие даагчдаас 69 хүнийг бүртгэжээ.

Намуудын тухайд МАН-аас 76 нэр дэвшигч, Ардчилсан намаас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, Хаан сонголт эвсэл 9, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Ард түмнээ хайрлая намаас 13 гэх мэтчилэн нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болж нэр дэвшигчээр бүртгэжээ.

Мэдээлэл хийснийхээ дараа Сонгуулийн ерөнхий хорооныхон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бямбачулуун гэдэг хүн нэрээ өөрчлөн Лүндээжанцан болгох гэж байсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан: -Бямбачулуун гэдэг хүний хувьд нэрээ Лүндээжанцан гэж сольсон гэрчилгээ, төрсний гэрчилгээ хавсаргасан бичгийг хурал хийх өдөр бидэнд ирүүлсэн. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд нэгэнт үндсэн материалтай нь танилцаад намынхаа хурал дээрээс Бямбачулуун гэдэг нэрээрээ нэр дэвшсэн байсан. Хурлын тэмдэглэл дээрээ өөрийгөө танилцуулахдаа ч Бямбачулуунаараа байсан. Тийм учраас СЕХ Бямбачулуун нэрээр нь бүртгэсэн.

-Батын Батбаатар гэдэг хүний нэр дэвших асуудал мөн маргаан дагуулсан. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрээ нэр дэвшүүлэхээр болоод байгаа. Энэ талаар тодруулаач?

-Б.Батбаатарын тухайд Иргэний хөдөлгөөний намаас дэвшихээр материал нь орж ирсэн. Бид материалтай нь танилцахад Ардчилсан намаас “Энэ хүн Ардчилсан намаас гараагүй” гэсэн Л.Эрхэмбаяр даргын гарын үсэгтэй бичиг ирсэн. Тийм учраас Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвших боломжгүй гэж үзсэн.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж