Архангай аймагт гэхэд өчигдөр нойтон цас хаялсан байна. Энэ мэдээллийн дагуу Ус цаг уурын хүрээлэнгээс тодруулахад, “Архангай аймгийн Хангай суманд өчигдөр өдөр хэсэг хугацаанд нойтон цас орсон. Ерөнхийдөө сүүлийн хоёр хоногт ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар цас хаялсан байна” гэлээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үүлэрхэг, түр зуухын хүйтэн бороотой байх тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.
Бaруун зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17, Алтайн өвөр говиор 22-27, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Баянхонгорын өмнөд хэсэг, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 33-38, бусад нутгаар 29-34 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Ховдын хойд, Увсын баруун хойд, Баянхонгорын зарим нутаг, Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Увсын зүүн, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Төвийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсэг, Булганы ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд Орхон, Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 25-30 градус дулаан байх ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Хөвсгөлийн хойд болон зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар гол төлөв түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур хүчтэй ширүүсч болзошгүй.
Зүүн зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүвтэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 21-26 градус дулаан байна. Сарын бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 25-30 градус дулаан байх бөгөөд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Хэнтийн баруун хойд, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Дорнодын зүүн хойд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
Говийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүвтэр ихэнх нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 22-27 градус дулаан байна. Сарын бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 26-31 градус дулаан байх бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим нутгаар 32-37 градус хүрч хална. Энэ сард Өмнөговийн баруун хойд, Дундговийн баруун, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин Өмнөговийн баруун болон зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.