Хундан ягаан хунтайж нар буюу МАН-ын нянгарууд

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Хундан ягаан хунтайж нар буюу МАН-ын нянгарууд

Сайн эцгийн гэхээсээ илүү баян эцгийнхээ хумсалж, хулгайлж, хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэл худалдаж авахаар улс төрд дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг өнөөдрийн нэр дэвшигчдээс харж болно. Чухамдаа “хааны үр хаан, харцын үр харц” байдаг тогтолцоог халсан ардчилсан нийгэмд хөрөнгөтэй мөнгөтэй айлын “нялх Сэнгүм”-үүд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаагүй байж болох ч цаана улс төрийн ёс зүй, улс орны эрх ашиг гэж үнэт зүйл байгааг сануулахад буруудахгүй биз.

Ялангуяа ард түмний амьдралыг мэдэхгүй, өлсч, цангаж, мөнгөгүйдэж, ядарч туйлдаж үзээгүй, ядарсан иргэдийнхээ зовлонг ойлгохгүй хуруу цагаан, хундан ягаан хунтайж нарыг дэвшүүлж байгаа МАН-ынханд энэ сануулга илүүтэй хамаатай юм.


Анхны оффшортны Хунтайж

Отгонбилэгийн Содбилэг Орхон аймагт өрсөлдөхөөр болсон. Хөрөнгөтэй эцгийнхээ мөнгөөр улс төрд орж ирсэн хунтайж нарын нэг. Аав нь бол Монголын анхны оффшор данстан гэж хэлж болно. Цаг хатуу, цалин бага байх үед Ш.Отгонбилэг агсны Швейцарийн дансанд хадгалуулсан гэх их мөнгөний тоо анх монголчуудын амыг ангайлгаж байсан нь худлаа биш.


Хүн хутгалсан, хүүхэн хүчиндсэн хэрэгт холбогдсон Хунтайж

Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй эцгийнхээ халааг авч, улс төрийн “угжны хүүхэд” болсон МАН-ын Нянгаруудын нэг бол Нямтайширын Номтойбаяр. Дорнод аймгаас хоёр дахиа нэр дэвшиж байгаа. Өмнөх сонгуулиар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийн отгийнхоо үйлчлэгч Э-г архиар шахаж согтоон хүчиндсэн хэрэгт холбогдож дараа нь “Мөнгийг нь төлөөд үйлчилгээг авсан” гэж мөнгө, хөрөнгөөрөө баярхсан асуудалд орж байсан. Түүний энэ хэргийн талаар анх олон нийтэд дэлгэсэн бие хамгаалагч Б.Батзориг нь өнөөдөр Франц улсад орогнож байгаа гэдэг. 2011 онд Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан зургаа нүүр номдоо тавьж, тэр нь хэвлэлээр бөөн дуулиан дэгдээж байв. Гишүүн байхдаа мунзуй хочит Д.Нямдоржийг хутгалсан хэрэгт холбогдож байсан гээд МАН-ын хунтайжийн дуулиан өнгөрсөн дөрвөн жил тасраагүй.

Хэн нэгэн ядарсан айлын хүүхэд “хүүхэн хүчиндсэн”, баавгай алсан бол шууд л шоронд хоригдох байсан нь лав.


Оффшортны уяач хүү

“Эрдэнэт”-ийн гэх Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнг Монгол ардын нам Архангайд “сойж” буй. Мөнгөтэй эцгийнхээ нэр нөлөөгөөр Уул уурхайн сайд, Оюутолгойн ТУЗ-ын дарга хийж явсан. Түүний аав Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байдаг. Гэвч, өнгөрсөн тавдугаар сард дэлгэгдсэн оффшорын хэрэгт нэр нь холбогдсон. Тэрбээр дүү Ч.Батзоригийн хамт оффшорт хамгийн олон буюу долоон данс эзэмшдэг болох нь илэрсэн билээ. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг. Эцэг нь уяач, хүү нь бас уяач. Аав нь төрөөс төрсөн тэрбумтан. Оффшор данстай. Хүү нь ч бас аав шигээ, ах шигээ оффшорт “дурлах”-ыг хэн мэдлээ. Түүний эцэг “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлэнд “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан гэсэн дуулианд холбогдсон. Эцгийнээ оффшорт нуусан их мөнгөөр хүү нь сонгуульд өрсөлдөж байгааг хэн мэдэх вэ гэсэн хардлага ч олон нийтийн дунд байна.


Дэлхий сөнөхөөс айдаг доктор

“Royal” академи, телевиз, fm-ийн захирал Н.Учралыг Их засаг их сургуулийн захирал Д.Ням-Осорын өв залгамжлагч гэдгээр нь олон нийт мэднэ. Нэгэн цагт тайзнаа дуулж явсан энэ залуу төрийн ордогд “үглэх”-ээр шийдэв үү гэлтэй. Тэрбээр дэлхий сөнөхөөс айдаг доктор гэсэн хочтой нэгэн. Тэрбээр “Докторын ажлаа эцэслээд сууж байхад дэлхий сөнөнө гэж сенсаацилаад бүр будлиулчихлаа. Юмыг яаж мэдэх вэ гээд лагерь явах шив дээ” хэмээн бичсэн нь “иш ийм ч доктор байх гэж” гэсэн харууслыг олон хүнд төрүүлсэн гэдэг. Мөн л аавынхаа их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэх гэж зүтгэж яваа залуу.


Ийнхүү МАН-ын хундан яагаан хунтайж нар улс төрийг ихээр сонирхох болсон бөгөөд энэ нь Монголын улс төрийн бохир муухай харагдуулж буйг хэлэх нь зөв биз.

Нялх Сэнгүмийн үгээр Ван хаан Тоорил ямархан зам туулсныг “Монголын нууц товчоо”-ноос уншсан монголчууд мартаагүй байлтай.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж