Туулын эрэг дэх танил дүр зураг

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Туулын эрэг дэх танил дүр зураг

Өнөө маргааш Улаанбаатар хотод 25 хэмийн дулаан, нартай, цэлмэг өдрүүд үргэлжлэх нь ээ. “Хэзээ дулаарах вэ” хэмээн уулгалсан нийслэлийнхэн хэдий нь Туул гол дээрээ ирээд шумбаад эхэлжээ. Ангиараа, байраараа, найзуудаараа яваа багачууд хувцас хунараа тайчин, биесийг “гаргуунд” нь гарган, Сэлбийн гүүрний дор шумбалдан тоглохыг та анзаарсан уу. Голын нөгөө эрэгт хос хоёр хөөцөлдөн, усаар наадна.

Зайсангийн гүүр, Зайсан толгой өнгөрөөд хэдэнтээ явбал Туулын бургасан дунд залуус хөхрөлдөн майхан савныхаа сүүдэрт сууна.

Нэг үеэ бодвол чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг ч тохижуулж, нийслэлчүүд ч соёлтой амарч, зугаалж сурчээ. Амрагчдад зориулсан саравч, сандал, ширээгээр Туулын эргийг тохижуулсан харагдана. Амрагчдын ая тухыг хангаж, аюулгүй байдлын үүднээс голын эргийн зарим хэсгээр машин оруулахгүй хэмээн хашаа ч хатгажээ. Туулын эрэг нэг үеэ бодвол цэвэр цэмцгэр, тохь тухтай болсон харагдана.

Хоёр жилийн өмнө л ундаа, ус, пивоны сав, уут, цаас хөглөрдөг байсан газарт цэвэр цэмцгэр. Амрагчид ч суусан газрынхаа хогийг уутлаад босч харагдана. Нийслэлчүүд соёлжиж, амарч, зугаалж сурчээ. Байгалиа хайрлах сэтгэл нь сэргэсэн гэлтэй. Үүний хажуугаар голын дагуу архидан согтуурахгүй, хог хаявал торгоно хэмээн харуул манаа, хариуцлага нь ч өндөрссөнтэй холбоотой биз.

25 хэмийн дулаантай, нартай, цэлмэг энэ өдрүүдэд Туулын эргийн танил дүр зураг нэг иймэрхүү.

М.КЕЙТ

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж