Сонгууль болоход 22 хоног үлдлээ. Эл сонгуулиар хамгийн олон суудал авсан улс төрийн нам, эвсэл нь ирэх дөрвөн жилд эрх баригч хүчин болно. Сонгогчид долоо дахь удаагийн УИХ-ыг бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Монголын ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хууль тогтоогчийг сонгох учраас иргэн бүрийн сонголт хариуцлагатай байх ёстой.
УИХ-ын сонгуулийн 25, 26, 27 дугаар тойрог /Сэлэнгэ аймаг/, мөн УИХ-ын сонгуулийн 28, 29, 30 дугаар тойрог /Төв аймаг/-т тун ч сонирхолтой тулаан болох шинжтэй байна. “Ноёд”, “Тайж” нарын улс төрийн тоглолтоос гадна дуучин, тамирчдын өрсөлдөөн өрнөнө.
С.Баярцогт уу, Н.Оюундарь уу?
УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан нам УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг, МАН Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарийг, МАХН Л.Ганболдыг, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл Т.Бат-Эрдэнийг тус, тус дэвшүүлэв. Тэднээс улс төрийн тогоонд хамгийн олон жил “чанагдсан” нь сайд С.Баярцогт. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсанаас эхэлж хууль тогтоох дээд байгууллагын “гал тогоо”-нд ажилласан түүнийг оффшор данснаас өөрөөр хийсэн бүтээснийг нь харуулах, муучлах зүйл үнэндээ байхгүй юм.
Оффшор данс нь олон нийтэд ил болсны дараа тэрбээр хариуцлагаа хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. С.Баярцогт бол АН-ын хүчтэй лидерүүдийн нэг. Хэдийгээр бусад шиг хэвлэлийн шар бор мэдээний араас гүйгээд байдаггүй ч түүний үгийг улс төрийн хүрээнийхэн хэзээд сонсдог.
Учраа таарсан нэр дэвшигч нь Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь. Зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээрээ улс төрийн хүрээнийхэнд илүүтэй танигджээ. Тэрбээр Дэлхийн банк болон НҮБ-ын төслийн зөвлөх, Байгаль орчны яаманд газар, хэлтсийн дарга, 2008-2012 онд Улаанбаатар хотоос Бээжинд суугаа төлөөлөгчөөр ажиллажээ. МАН-ын хотын фракцад харьяалагддаг түүнийг “Blue mon”, “Tse pub”, “The bull” зэрэг сүлжээ ресторануудын эзэн гэх мэдээлэл бий. Мөн Гадаад хэргийн дэд сайдаар томилогдохдоо албан тушаалаа 500 сая төгрөгөөр худалдаж авсан гэх хов живэнд өртөж байсан.
Хүчтэй улстөрчийн эсрэг тавьсан энэхүү нэр дэвшүүлэлтийг улс төрийн хүрээнийхэн “Эмэгтэйчүүдийн 20 хувийн квотоо бариулсан нэр зүүж, хаалаа” гэх шүүмжлэлийг “шидсэн” билээ.
Н.Оюундарийн саналаас хуваалцаж, сайд С.Баярцогтод боломж олгож мэдэх нэр дэвшигч нь МАХН-аас өрсөлдөх Л.Ганболд байх гэсэн мэдээлэл байна.
Нэр нэгтүүд нэг тойрогт
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Ардчилсан нам дуучин Г.Эрдэнэтунгалагыг, МАН УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг, МАХН Ш.Эрдэнэбатыг, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Монгол Улсын гавьяат тамирчин, Д.Баатаржавыг нэр дэвшүүлээд байна.
Нэг тойрогт нэр нэгтүүд учраа таарсан нь тохиолдлын гэхээсээ хэргээр сонгогчийг төөрөгдүүлэх улс төрийн хар акци байж мэдэхээр буй. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн МАН, МАХН хоёр саналаа ямагт хуваасаар ирсэн, үүн дээр нь нэр нэгтүүд нэг тойрогт тулахаар сонгогчид нэрийг нь дугуйлахдаа төөрөгдөлд орж болзошгүй.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-д сонгогдсон. МАН Засгийн газарт хамтрахад Сангийн сайдаар томилогдсон юм. Улсын хөрөнгө санхүүг шинэхэн “цэрэгт” атгуулсан энэ үйлдлийг нь улс төрийн хүрээнийхэн Сэлэнгэ аймгаас гаралтай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нартай холбож хардсан нь бий.
Ардчилсан намаас нэр дэвшигчээ зарлах мөчид Ж.Эрдэнэбат гишүүний халаасанд ялалт аяндаа ороод ирсэн ч МАХН-ын нэр дэвшүүлэлт энэ бүхнийг эргүүлсэн билээ.
“Ханьсахын жаргал” дуугаар олны танил болж байсан дуучин Г.Эрдэнэтунгалагийг улс төрд хүч үзэх юм гэж хэн санах билээ. Бусад нэр дэвшигчтэй нь харьцуулахад битүү “морь” байлаа. Улс төрд хэр бэлтгэсэн нь сонгуулийн сунгаа эхэлсэн үеэс тодорно.
Нэр дэвшигчид Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Ерөө суманд өрсөлдөнө.
Тойрог өөрчлөгдөв
Эрх баригч хүчин хоёр сайдаа Сэлэнгэ аймагт илгээхдээ УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын өрсөлдөх тойргийг сольсон юм. Сэлэнгэ аймгийн баруун хязгаар сумдыг аж үйлдвэржүүлэх шаардлага тулгарсан учраас салбарынх нь сайдыг нэр дэвшүүлсэн нь хамгийн оновчтой сонголт болов уу. Үйлдвэржилтийг дагаж ажлын байр бий болно, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдана. Сум, суурингууд ч хөгжинө. Ийм боломжийг Сэлэнгийнхэн алдахгүй байх ёстой.
Сэтгэл байхад юуг ч бүтээж, хийж болдог юм гэдгийг Аж үйлдвэрийн яамыг босгохоос эхлээд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор бүтээсэн олон ажил нь нотлон харуулж буй. Нэг үгээр хэлбэл, амлаж хийх, сэтгэлээр хийх хоёр газар тэнгэр шиг ялгаатайг энэ хугацаанд хамгийн тод харуулсан улстөрч юм.
2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-д сонгогдсон ч Сэлэнгэ аймаг руу хамгийн их хөрөнгө оруулалтыг чиглүүлж чадсан байдаг.
Үндэсний үйлдвэрээ дэлхийн зэрэгт хүргэх том амбиц түүнд бас бий, тиймдээ ч өнгөрсөн жил Европын орнуудад ажлын айлчлал хийхдээ даргыг бус үйлдвэрлэгчдээ хөтлөөд туршлага судлаад ирсэн байдаг.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Аж үйлдвэрийн сайдаар ажиллах санал тавьж, УИХ-аас томилсон нь хамгийн зөв оновчтой сонголт болсон юм.
Хэдийгээр сайдын алба хашсан хугацаа нь богино ч Монгол Улс Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлого УИХ-аар батлагдаж, бие даасан яамтай байх нь орхигдсон байсан салбар хөл дээрээ босох суурь нь болсон.
МАН-аас нэр дэвшсэн С.Бүрэнбат нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга. Сайд олонтой аймгийн Засаг дарга байх нь давуу талтайг биеэрээ мэдэрч яваа азтай дарга. Нутаг орондоо дөрвөн жил Засагласан түүнд сонгогчдоос оноо цуглуулах боломж бүрэн байгаа ч мөн л МАХН-аас өрсөлдөх А.Энхбат саналыг нь хуваалцахаар отож байна.
Нэр дэвшигчид Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур сумдад өрсөлдөнө.
Төв аймаг: МАН мандатаа хамгаалж чадах уу?
Хэзээ ч цэнхэртэж байгаагүй цөөн тойргийн нэг нь Төв аймаг юм. МАН өмнөх амжилтаа алдахгүйн тулд УИХ-ын гишүүн Су.Батболдод чөлөө өгч, дархан аварга А.Сүхбатыг намдаа элсүүлэн нутагтаа нэр дэвших боломжийг бүрдүүлсэн нь “Монголын улс төр бөхчүүдээр дутаагүй” гэх шүүмжлэлийг араасаа дагуулж буй. Гэвч МАН эргэж буцсангүй, үндэсний гурван бөхөөрөө фон хийх 2016 оны сонгуулийн сурталчилгааныхаа салхийг хагалах болоод байна.
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог болох Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2, 6 дугаар багт Ардчилсан намаас Б.Энхбайгаль, МАН-аас М.Энхболд, МАХН-аас М.Оюунсайхан, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Ц.Баттөр нар өрсөлдөнө.
Гол өрсөлдөөн Ардчилсан нам, МАН-аас нэр дэвшигчдийн хооронд өрнөх болж байна.
МАН-ын дарга М.Энхболд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Төв аймагт нэр дэвшин ялалт байгуулж ирсэн. Хотын даргаас МАН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Шадар сайд, УИХ-ын дэд дарга гээд байж болох бүхий л том албыг хашсан.
Том намын, том даргатай өрсөлдөнө гэдэг эмэгтэй нэр дэвшигчийн хувьд халгамаар учраа. Гэвч олдсон тойрог нь энэ учраас Б.Энхбайгаль үзээд л алдах болж байна. Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан ч 2016 он гарахын өмнө чөлөөлөгдсөн. Энэ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор гаргасан өөрийнх нь шийдвэртэй холбоотой юм.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Ардчилсан намд нэг суудал авчрах уу, яах вэ гэдгийг зургаадугаар сарын 29-нд болох сонгуулиар шийдвэрлэгдэнэ.
А.Сүхбатыг сонгох уу?
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сум, Зуунмод сумын 3, 5 дугаар багт Ардчилсан намаас М.Энхсайхан, МАН-аас А.Сүхбат, МАХН-аас Д.Батсайхан өрсөлдөнө.
2013 онд Ардчилсан намд элсэн, дуулиан тарьж явсан Дархан аварга шинэ оны өмнөхөн намын гишүүнчлэлээсээ татгалзсан мэдээ чих дэлссэн нь МАН-аас нэр дэвших бэлтгэлээ хангасан үйлдэл байсан нь тавдугаар сарын 27-нд болсон нэр дэвшүүлэлтээр тодорхой болсон юм. Уг нь улс төрөөс хол байж, олон сайхан шавь бэлтгэсэн бол монгол түмнийхээ хүндлэлийг илүү хүлээж, хоногших байсан болов уу.
Сонгогчид нь сонголтоо зөв хийж чадвал их спортод нь үлдээх боломж бас бий.
УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрог буюу Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1, 4 дүгээр багт Ардчилсан намаас Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв, МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАХН-аас О.Буяннэмэх нар өрсөлдөнө.
Д.Доржпүрэвийн хувьд даагаа нэхэх сонгууль болно. 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Төв аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсээр ирсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдахад нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөд нь татаж, Эрчим хүчний дэд сайдаар томилсон. “Алтан гадас” фракцад харьяалагддаг байсан нь дэд сайдын суудалд суух боломжийг олгосон ч Шинэчлэлийн Засгийн газар унахад хамтдаа огцорсон юм.
Учраа таарсан нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Н.Энхболд. МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчийн тоонд багтсаар ирсэн тэрбээр 2000 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Төв аймгаас сонгогджээ. 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-д сонгогдсоноор 16 жил тасралтгүй хууль тогтоох байгууллагын “гал тогоонд” чанагдсан, мэргэшсэн цөөн хууль тогтоогчийн нэг. МАН-ыг хамгийн хүнд хэцүү үед нь бүлгийн даргаар ажиллаж байлаа. Саналаас нь хувааж болзошгүй нэр дэвшигч нь МАХН-аас өрсөлдөх О.Буяннэмэх юм.