Монгол, Японы хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Монгол, Японы хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжинэ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Монгол улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/ өнөөдрөөс /2016.06.07/ хүчин төгөлдөр болох гэж байна.

Энэ хэлэлцээр Монголын эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирна. 2010 онд хийсэн таталцлалын загварын судалгаагаар Монгол Улс, Япон Улстай энэ хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн 2013 онд хийсэн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн динамик загварт тулгуурласан судалгаагаар ДНБ жилд дунджаар 0.33-0.34%, нийт экспорт 0.36% өсөх тооцоо гарсан.


  • Улсын нэгдсэн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, БНСУ-ын “Гэгээн Мария” эмнэлгийн төлөөлөгчидтэй чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулахад таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. “Гэгээн Мария” эмнэлэг нь Азийн орнуудад нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт бичигддэг юм байна.

  • Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизийн МҮОНРТ “Монголын мэдээ” сувгаар “Евро 2016” хөлбөмбөгийн тоглолтыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах болсон талаараа өчигдөр 2016.06.06 сэтгүүлчдэд мэдээллээ.

МҮОНРТ-ийн ММ агентлаг, “Хурд” агентлаг, mnb.mn сайт, Спортын мэдээний алба, Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэсэн “Монголын мэдээ” суваг 2016 оны нэгдүгээр сарын 11-нээс мэдээллээ түгээж байгаа. “Монголын мэдээ” суваг өчигдрөөс аналоги системээс тоон системд буюу HD форматад шилжиж, дөрвөн хоногийн дараа эхлэх “Евро2016”хөлбөмбөгийн тоглолтыг албан ёсоор шууд дамжуулахад бэлэн болсноо зарлалаа.


  • УИХ-ын 70 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хорооноос нэр Ардчилсан намаас тус намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан, МАХН-аас Ч.Амарбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар нар өрсөлдөхөөр болж байна.

Ардчилсан нам сонгуульд нэрийг нь дэвшүүлээгүй учраас Б.Батбаатар намаасаа гарсан. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдын өрсөлдөж байгаа тойрогт нэр дэвшихээр ИЗНН-аас мандатаа авчээ. 


  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 300 ажилтан өчигдөр эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүллээ. Учир нь, тус компанийн ажилтнуудын 594 айлын орон сууцыг барихаар “Баярс констракшн” компани дөрвөн жилийн өмнө шалгарч, ажлаа эхлүүлжээ. Ингээд гэрээ ёсоор ажилтнууд урьдчилгаа 30 хувиа төлөөд, барилгын явц 70 хувьд хүрэхэд үлдсэн төлбөрөө хийж, өнгөрсөн онд байрандаа орох ёстой байсан аж. Гэтэл “Баярс констракшн” компанийн зүгээс ажилчдаас төлбөрөө нэхэж авсан ч өдийг хүртэл барилгын ажлаа дуусгахгүй, ийм байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгааг эсэргүүцэн тэд өчигдөр тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв.

  • УИХ-ын хаврын чуулган нийт 45 хоног хуралдаад түр хугацаагаар завсарласан юм. Энэ хугацаанд УИХ бие даасан хууль 12-ыг баталсан бол 98 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Шинэчлэн баталсан хуулиудад хууль эрх зүйн салбарт хамаарах хуулиуд багтаж байгаагийн зэрэгцээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Хог хаягдлын тухай, Органик хүнсний тухай хуулиуд орж буй аж.

Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын ихэнх нь Процессын хуулиудтай холбогджээ.


  • Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг өчигдөр ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, тэргүүтэй албаныхан оролцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж