Сумын соёлын төвийнхөн анх удаа чуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Сумын соёлын төвийнхөн анх удаа чуулж байна

Сумын соёлын төв гэхээр л зохиолын хэдэн дуучид очиж, тоглолт хийдэг газар мэтээр төсөөлөх нь бий. Харин Соёлын төвийн удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнд оролцохоор ирсэн мэргэжилтнүүд арай өөр зүйлийг ярьж байна. Зөвлөгөөн өнөөдөр /2016.06.06/ ДБЭТ-т эхэлсэн юм.

“Би ажилдаа үнэхээр дуртай” хэмээн ярих Д.Баатарцогт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн эрхлэгчээр 13 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 22 Соёлын төв байдаг бөгөөд Баян-Адарга сумын Соёлын төв анх 1943 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар шинэхэн Соёлын төвтэй болсондоо их баяртай байгаа тухайгаа хуучилсан.

Тэрээр цааш нь “Орон нутгийн соёлын төвүүдийг хотоос ирж байгаа аялан тоглолтыг зохион байгуулахаас хэтрэхгүй мэтээр ойлгож болохгүй. Бид ардын авьяастан болон хүүхдүүдэд зориулан дугуйлан хичээллүүлдэг. Мөн сумын ойн баяр, орон нутгийн иргэдэд шинэ тоглолт үзүүлэх зэрэг идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн ярилаа.

Харин сумын соёлын төвүүдэд мэргэжлийн боловсон хүчин үнэхээр дутагдалтай байгааг нуусангүй. “Би Соёлын төвийн эрхлэгчийн ажилтай хэдий ч музейн үйл ажиллагаагаа давхар хариуцдаг. Манай сумын сургуулийн дуу хөгжмийн багш сумын архивыг ч мөн давхар хариуцдаг. Харин бидэнд нэмэлт урамшуулал олгодоггүй. Соёлын салбарын галын шугаманд ажиллаж буй бидэнд анхаарал хандуулах цаг болсон” гэж Д.Баатарцогт ярилаа.

Харин Дорнот аймгийн Булган сумын соёлын төвийн эрхлэгч А.Энхтүвшин 31 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Улсаас жилд сумдын Соёлын төвд уран бүтээлийн зардалд ашигла гэж саяас хоёр сая төгрөг олгодог. Тэр мөнгөөр тоглолтын хувцас хийлгэх, мэргэжилтнүүдээ цалинжуулах гээд хаанаа ч хүрдэггүй” хэмэн учирлав.   

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барих гэж байгааг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Оюунбат хэллээ. Энэ шинэчилсэн найруулгаар орон нутагт ажиллаж байгаа Соёлын төвийн мэргэжилтнүүдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тусгажээ. “Орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдэд таван жил тутамд олгодог тэтгэмжийг эдгээр хүмүүс авдаггүй. Тиймээс энэ салбарын ажилчдын нийгмийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна” хэмээн Н.Оюунбат хэлэв.

Энэхүү анхдугаар зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд болон сумдын Соёлын төвийн эрхлэгчид, дүүргийн Соёлын ордны захирлууд, аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 360 гаруй төлөөлөгч оролцож байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж