Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр маргаашнаас хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр маргаашнаас хэрэгжинэ

Монгол улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/ маргаашнаас /2016.06.07/ хүчин төгөлдөр болох гэж байна.

Энэ хэлэлцээр Монголын эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирна. 2010 онд хийсэн таталцлалын загварын судалгаагаар Монгол Улс, Япон Улстай энэ хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн 2013 онд хийсэн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн динамик загварт тулгуурласан судалгаагаар ДНБ  жилд дунджаар 0.33-0.34%, нийт экспорт 0.36% өсөх тооцоо гарсан.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаарх ДХБ-ын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн суурь зарчим болон олон улсын туршлагаас харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг байна.

Манай улс 2012 онд дэлхийн 150 орчим оронтой 11,1 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ 525 орчим сая ам.доллар (японы статистикийн мэдээгээр) байгаа нь манай нийт худалдааны эргэлтийн 4.7 хувийг эзлэж байна. Үүнээс манай улс Японд 24,3 сая ам.долларын бараа экспортолж, Японоос  501,2 сая ам.долларын бараа импортолсон байна. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзлэж байгаа бөгөөд Японоос  импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлж байна. 

2012 оны  байдлаар Монгол, Япон хоёр улс Дэлхийн гаалийн байгууллагын  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 38 бүлгийн нийт 1355 төрлийн бараа экслортолж, импортолж байна. Үүнээс Монголын тал Японы импортын 24 бүлгийн 1290 төрлийн барааны 96 орчим хувь, Японы тал Монголын экспортын 14 бүлгийн 65 төрлийн барааны 100 хувийг импортын гаалийн тарифаас үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Чингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын үнийн дүнгийн 50 хувийг (825 төрлийн бараа), харин Япон улс 99,4 хувийг (60 төрлийн бараа)хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.

Мөн Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Чингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж