Францын аялал жуулчлалын салбар хохирол амсч байна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Францын аялал жуулчлалын салбар хохирол амсч байна

Францад цаг агаар онцгүй, ажил хаялт үргэлжилж, үерийн улмаас автозамын түгжрэл ихэссэн дээр нь Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард 130 хүний амийг хөнөөсөн халдлага хүмүүст айдас төрүүлсээр. Энэ бүх таагүй байдлаас шалтгаалан Франц улсын аялал жуулчлалын салбар хохирол амсч байна. Хэдийгээр ирэх баасан гаригт Европын хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний тоглолт Парис хотноо болохоор товлосон ч  энэ нь жуулчдын анхаарлыг тийм ч их татахгүй байгаа бололтой. Учир нь Францын зочид буудлын холбоодоос мэдээлснээр өрөөний захиалга 25 хувиар буурсан байгаа аж. Зөвхөн зочид буудлын захиалга буурснаас Францын аялал жуулчлал хэрхэн хохирч байгааг харж болно.

Францад өнгөрсөн долоо хоногт ажил хаягчид цахилгааны шугамыг тасалснаас баруун хэсгийн нутагт гэрэл цахилгаангүй болсон аж. Энэ хооронд Парис хотын метро, галт тэрэгний замыг ажил хаясан жагсагчид хаан эсэргүүцлээ илэрхийлжээ. Ажил хаялт ирэх өдрүүдэд ч үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Францын засгийн газраас хүмүүсийг ажилд авах, халах үйл явцыг илүү хялбар болгох гэснээс эсэргүүцлийн жагсаал гарах болжээ.

Францад өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооноос болж  Сена мөрөн үерлэж, Парис хот усан автсанаар жуулчдын хамгийн ихээр үзэж сонирхдог Луврын музей гэх мэт олон газар хаалгаа барьсан билээ. Түүнчлэн үерийн улмаас Парис хотын метроны үйлчилгээ доголдож, автозамууд усанд автсан байна.

Парисын халдлагын дараа анх удаа  Францад хөлбөмбөгийн том тоглолт болох учраас засгийн газар 90 мянга орчим цэрэг, цагдааг аюулгүй байдлыг хангуулахаар хамгаалалтад дайчилжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж