Дотооддоо бол ямар ч танилцуулга сурталчилгаагүйгээр танил болсон Говь ХК дэлхийн зах зээлд түүн шигээ танил болох цаг ойрхон болжээ. “Говь”-ийн гэхээсээ илүү Монголын ноолуур хэмээн алдаршсан уг үйлдвэр 2021 он хүртэлх үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө гаргаж, түүнийгээ өнөөдөр /2016.06.06/ хэвлэлийнхэнд танилцуулав.
Тус үйлдвэр олон төрлийн бүтээгэдхүүн үйлдвэрлэдэг. Ороолт, шааль, малгай, цамц, даашинз гэхчилэн тоолбол зуу дөхөх бүтээгдэхүүнийг 3000 гаруй өнгө, загвар дизайнаар үйлдвэрлэж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд тэргүүлэх бүтээгдэхүүнээ ноолууран пальто байна гэж тооцжээ. Анх 2007 онд 30 ширхэг пальто үйлдвэрлэж борлуулж байсан бол 2021 он гэхэп 100 хувь ноолууран пальтогоороо Монголоо дэлхийд таниулна гэдгээ өнөөдөр зарлалаа. Франц сүрчиг, Итали гутал, Швейцарь цаг гэдэг шиг Монголыг ноолууран пальтогоор дэлхийн танил болгох бүрэн боломжтой гэдгийг “Говь” ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар дараах гурван үндэслэлээр тайлбарлаж байлаа.
Монгол ямааны тоо толгой 23 саяд хүрсэн нь дэлхийн ноолуурын 40 хувийг хангах хэмжээний түүхий эд Монголд бэлэн байна гэсэн үг. Ширхэгтийн хаан гэгддэг ноолуур дундаа нарийн микрон бүхий дээд зэрэглэлийн ноолуурыг монголд ямаанаас самнаж байна.
Говь ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгджээ. Хувьчлагдсанаасаа хойш 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1000 тн ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай болжээ. Тэр дундаа пальто үйлдвэрлэлийг таван жилийн дотор 10 дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.
Ноолууран пальто хийц загвар, өнгө, оёдлын хувьд дэлхийн баячуудын хэрэгцээ шаардлагыг ч хангах төвшинд хүрсэн гэнэ. Пальтоны оёдол, суулт, эсгүүрийн технологийн хувьд Японы Lapine, Aldex компанийн туршлагаар үйлдвэрлэл явуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр үнийн хувьд бусад улс орныхоос харьцангуй хямд. "Говь” брэндийн 100% ноолууран пальто 299$ -оос эхэлж байгаа бол дэлхийн зах зээлд 100% ноолууран пальто 3,000$-оос эхэлж байна. Өөрөөр хэлбэл, чанар, загварын хувьд дэлхийн шилдэг брэндүүдтэй дүйцэх тансаг пальтог ноолуурын эх орон Монгол улсаас 10 дахин хямд үнээр авах боломжтой юм.
Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ноолуур хамгийн чанартай
“Говь” ХК-ийнхан хэвлэлийн хурлын дараа үйлдвэрээ сэтгүүлчдэд танилцуулав. Малчны хот, ноос, ноолуурын зунгаг үнэртсэн ноолуур ялгах цехээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цех хүртлээ аялуулсан танилцуулах аяллын хөтчөөр тус үйлдвэрийн удирдлагын газрын захирал Г.Саруулзаяа, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Сүрэнрагчаа нар ажилласан юм.
Чанартай сайн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхдагч цех нь энэ ялгах цех биш малчны хот гэдгийг үйлдвэрийн залуус хэлж байлаа. Малчны хотонд самнасан ноолуураас олон төрлийн хог хаягдал илэрдэг ч хамгийн түгээмэл хог хаягдал нь мяндсан шуудайны утас гэнэ. Ялгах цехэд хүлээн авсан ноолуурын 99 хувь нь дараагийн дамжлага руу шилждэг байна. Гэхдээ анх хүлээн авсан ноолуурын ердөө 50 хувь нь л бэлэн бүтээгдэхүүн болдог ажээ. Өөрөөр хэлбэл 1000 тонн ноолуур үйлдвэрийн үүдээр орж, 500 кг бүтээгдэхүүн гаргадаг байх юм.
Монгол ямааны ноолуурын чанарын хувьд хаа ч гологдохгүй. Гэхдээ зах зээлийн эхэн үед мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэлгүй хаяснаас ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр угсаа алдагдсан байна. Шинэ жинстийн цагаан ямааны үүлдэр гэхэд л тухайн үеийнх шигээ сайн чанарын ноолууртай байхаа больжээ. Тиймээс аймаг аймгаар нь ноолуурын чанар өөр өөр болсон байна. Одоогийн байдлаар зүүн аймгууд буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ноолуур хамгийн чанартайд тооцогдож байгаа бол Баянхонгор, Хөвсгөл аймгууд бор ямааны ноолуураараа бусдаасаа ялгардаг гэнэ.
Говь нийтдээ 1300 гаруй ажилтан, ажиллагсадтай үйлдвэрт залуучууд, тэр дундаа охид хүүхнүүд тун олон гэдэг нь андашгүй байлаа. Хэдийгээр хүнд, нүсэр аппарат тоног төхөөрөмж ихтэй ч цэвэрхэн, тохилог ажээ. Тус үйлдвэр 2021 он гэхэд ажиллагсдынхаа тоог 1800-д хүрнэ гэж төлөвлөж байгаа юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж төдийгүй үйлдвэрлэлийн технологи, ажиллагсдын бүтээмжээрээ дэлхийд өрсөлдөнө гэж тэд мэдээллээ. Говь ХК-ийн ажиллагсад насны хувьд нэг бол ахимаг насныхан, эсвэл залуус голдуу байдаг нь зах зээлийн эхэн үед үйлдвэрлэл багасах үед болон хожим уул уурхайн хөгжлийн үед ажиллагсдаа алдсантай холбоотой гэнэ.
Ноолууран дээл хамгийн багадаа 700 мянган төгрөгийн үнэтэй
Цагаан сар наадам дөхөөд ирэхээр монгол дээлний эрэлт ихэсдэг. Зун ноолуур өмсөх үү гэж бүү гайхаарай. Ноолуур гэхээр зузаан, халуун хувцас төсөөлдөг цаг үе аль эрт мартагджээ. Ээж, эгч нарын эртний гоёл пансан алчуур мэт хөнгөн, нисгэн гоёлыг Говь хэдийнээ хийгээд эхэлж. Панстай өрсөлдөхүйц хөнгөн нимгэн ороолт л гэхэд 169 мянган төгрөгний ханштай бол зун өмссөн ч халууцуулахгүй ноолууран ганган дээл 700 мянгаас нэг сая төгрөгийн ханштай байна. Ийм ганган чамин гоёл үйлдвэрлэгч Говь ХК-ийн дизайнерууд цөм Японд мэргэжил эзэмшдэг гэнэ.
Япон бол “Говь”-ийн анхдагч түнш. Эл үйлдвэрийг 1981 онд зуун хувь Японы хөрөнгө оруулалттай барьж байгуулж өгснөөс хойш Говь япон түншүүдээсээс салаагүй. Маргааш нээгдэх эдийн засгийн түншлэл энэ харилцааг улам дотно болгоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Одоогоор хамгийн их борлуулалтыг Францад явуулж байгаа ч хоёрдугаарт жагсч буй Япон улс руу урсах экспорт урагшлах магадлал тун их ажээ.
Энэ мэтчилэн хуучлаад байвал Говь үйлдвэрийнхэн сонин ихтэй байна. Уншигчдаа залхаахгүйн тулд тоон үзүүлэлт хийгээд үйлдвэрийн өнгө төрхийг гэрэл зургаар үргэлжлүүлье.