Парламентын найм дахь удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор батламжаа гардаж, нэр дэвшигчдээ тодруулаад байгаа бөгөөд маргааш СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгох юм. Хуулийн дагуу нэр дэвшигчид сурталчилгаагаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ. Гэхдээ сонгуулийн жил гэхэд итгэмээргүй нам гүм, өдийд нэр дэвшигчдийн сурталчилгаа ч ид өрнөж, хаалга үүд нүдсэн ухуулагчид хаа сайгүй явж байдагсан. Уг нь өдийд улс төр ид халуурч, “галзуурч” байх ёстой атал намууд ч, нэр дэвшигчид ч хүлээсэн, харзнасан болгоомжилсон байдалд шилжжээ.
Үнэндээ тавхан хоногийн дараа бужигнаж эхлэх Монголын улс төрийг ганц үгээр тодорхойлбол, ёстой л “Их тулааны өмнө нам гүм” гэгч л байна, өнөөдөртөө.
Гэвч, хуулийн дагуу 18 хоногт шуураад өнгөрөх сонгууль чухам юу болоод дуусахыг хэлж мэдэхгүй. Энэ удаагийн сонгуулийн ерөнхий дүр зургийг харахад сонгогчид тойргийнхоо нэр дэвшигчдийг судалж амжих нь үү хэл зургийг нь таньж амжилгүй саналаа өгөхөд хүрч магадгүй байгааг дуулгахад буруудахгүй биз.
Учир нь, гудамжаар яваа хэн нэгнээс танай тойрогт хэн, хэн нэр дэвшиж байгааг асуугаад үзээрэй. Сошиалын идэвхтэй хэрэглэгчид эсвэл улс төр сонирхогчид биш л бол тойрогтоо аль намаас хэн нэр дэвшиж байгааг мэдэх нь бүү хэл гадарлаж буй хүн сонгогчдын дунд олон байна.
Энэ жилийн сонгууль өмнөх долоон удаагийн парламентын сонгуулиудаас ялгарах онцлог олонтой. Нэгдүгээрт, маш цөөхөн хоног сурталчилгаа явуулах хуулийн заалттай. Үүнээс өмнө сурталчилгаагаа явуулсан нэр дэвшигчид СЕХ-ноос эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай. Иймээс л хаа хаанаа болгоомжилж, бие биенээ анасан, тагнасан байдалтайгаар тав хоногийн дараа эхлэх сурталчилгааны хугацаагаа нэр дэвшигчид хүлээж байна. Гэхдээ нэр дэвшигчид хуулиа ягштал бариад огт сурталчилгаа явуулахгүй байна уу гэвэл бас үгүй. Зурагтаа асаах бүрд уран гоё үгээр ярьж, уйлж, дуулах нь холгүй жүжиглэх нэр дэвшигчид дэлгэц дүүрэн харагдах болсон билээ.
Хоёрдугаарт, энэ жил хамгийн олон бие даагчид нэр дэвшиж байгаа. Нийтдээ 75 хүн нэр дэвших эрхээ СЕХ-ноос аваад байгаа юм. Гуравдугаарт, энэ удаагийн сонгуульд хамгийн олон бөх, дуучин, жүжигчин өрсөлдөхөөр болсон. Дөрөвдүгээрт, сонгууль болоход 23 хоног үлдсэн гэвэл, тойрогтоо хэн, хаанаас нэр дэвшиж байгааг мэдэх хүн масс дунд тун цөөхөн байна. Худлаа гэвэл гараад захын хүнээс танай тойргоос хэн нэр дэвшиж байгаа вэ гэж асуугаад үзээрэй. Олонх нь “мэдэхгүй” л гэх болов уу.
Энэ мэтээр ердөө 18 хоногт бужигнаад өнгөрөх сонгуульд нэр дэвшигчид нь өөрийгөө таниулах, сурталчилгаа хугацаа туйлын бага, сонгогчид нь ч таньж мэдэх хуулийг хугацаа цөөхөнтэй, намуудын дундах гомдол гоморхол, зодоон цохион, хагарал тэмцэл нь нуухын аргагүй ил болчихоод байгаа нөхцөлд Монголын улс төр наанаа амар амгалан, нам гүм мэт харагдавч, цаанаа асч, дүрэлзэхэд хэдийнэ бэлэн болчихоод байгаа билээ.
Зургадугаар сарын 11-ны өдрөөс эхлээд Монгол орон даяар ямархуу бужигнаан, тэмцэл, хор хов явагдахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ Их тулааны өмнө нам гүм гэдэг үгийг энд дахин сануулахад буруудахгүй болов уу?
Ж.ЭРХЭС