Монгол Улсын гадаад өрөөрийн тал хувийг улс (Засгийн газар болон Төв банк)-ын, үлдсэнийг хувийн хэвшил (арилжааны банк, ААН, иргэд)-ийн гадаад өр, зээл тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хувийн хэвшлийн гадаад өрийн хэмжээ адилхан байна гэсэн үг юм. 2010 оноос эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарыг дагасан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь ААН-ийн гадаад эх үүсвэр мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэнэ. Тухайлбал, гадаад зээлийн эх үүсвэрийг ашигласан ААН-ийг судлан үзэхэд 84 хувь нь уул уурхайн салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчид байхын сацуу нийт эх үүсвэрийн 71 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдаас эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан зээл, санхүүжилт эзэлж байна.
2011 он гарсаар Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас 3.9 сая ам.долларын зээл авч, улмаар 13.1 сая ам.долларын зээлийг төлснөөр, нийт өрийн үлдэгдэл 1,778.3 сая ам.долларт хүрсэн байна. Засгийн газрын гадаад өрийн 81 хувийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсаас авсан урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлтэй нөхцөл бүхий зээлүүд эзэлж байна. Дээрх гадаад өрийн багцын 60 хувийг ЗТЭ (зээлжих тусгай эрх), 24 хувийг иен, 8 хувийг евро, үлдсэн 9 хувийг бусад валютаарх зээл эзлэх бөгөөд ЗТЭ-ийн 44 хувийг ам.доллар, 34 хувийг евро, 11 хувийг иен, 11 хувийг фунт стерлинг бүрдүүлжээ.