-БНСУ-ын баг тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харуулж, боломжит 10 алтын 8-ыг нь өөрийн болгосон бол ОХУ, Энэтхэгийн багууд нэг алтыг авчээ-
Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоо хамтран зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Чингисийн талбайд зохион байгуулав.
Тус тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен удирдан явуулсан бол ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, Олимпийн аварга Хуан Карлос, БНХАУ-ын Донг Шианхуа, БНСУ-ын Вэнг Линг Эй нараас гадна ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатар хотноо ажилласан юм.
Мөн Олон улсын байт харвааны холбооны олон улсын зургаан шүүгч /Испани, Бразил, Энэтхэг, Сингапур, Итали/, дотоодын 30 шүүгч тэмцээний үеэр ажиллажээ. Энэ удаагийн тэмцээний финалын харвааг Чингисийн талбайд зохион байгуулсан бөгөөд “Боловсрол” телевизээр шууд дамжуулан үзүүллээ.
Компаунд/50 м/ болон Рекурв /70м/ төрлөөр явагдсан оюутны дэлхийн аваргад БНСУ-ын баг тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харуулж, боломжит 10 алтын 8-ыг нь өөрийн болгосон бол ОХУ, Энэтхэгийн багууд нэг алтыг авчээ. БНХАУ-ын Тайвань 3 мөнгө, 1 хүрэл, АНУ 3 хүрэл, Турк 2 мөнгө, Франц 1 мөнгө, 1 хүрэл авсан бол Япон, Белги, Малайзын багууд нэг хүрэл медалийг Улаанбаатарын тэмцээнээс хүртсэн байна.
Эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон Монгол Улсын оюутны шигшээ баг медаль авч чадсангүй.
ДҮН:
РЕКУРВ /70 м, олимпийн төрөл/
Эрэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: БНХАУ-ын Тайвань
- Хүрэл медаль: Франц
Эмэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: БНХАУ-ын Тайвань
- Хүрэл медаль: ОХУ
Холимог баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: Франц
- Хүрэл медаль: Япон
Ганцаарчилсан:
Эрэгтэй:
- Алтан медаль: Базарзанов Галсан /ОХУ/
- Мөнгөн медаль: Лоу Вэй Минг /БНХАУ-ын Тайвань/
- Хүрэл медаль: Болот Цэвжитов /ОХУ/
Эмэгтэй:
- Алтан медаль: Чой Ён Кан /БНСУ/
- Мөнгөн медаль: Сү Юун Рюо /БНСУ/
- Хүрэл медаль: Ариуна Жарголов /ОХУ/
КОМПАУНД /50 м/
Эрэгтэй баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: ОХУ
- Хүрэл медаль: АНУ
Эмэгтэй баг:
- Алтан медаль: Энэтхэг
- Мөнгөн медаль: ОХУ
- Хүрэл медаль: АНУ
Холимог баг:
- Алтан медаль: БНСУ
- Мөнгөн медаль: Турк
- Хүрэл медаль: Малайз
Ганцаарчилсан:
Эрэгтэй:
- Алтан медаль: Ким Жон Ху /БНСУ/
- Мөнгөн медаль: Эврэн Кагиран /Турк/
- Хүрэл медаль: Кэллэр Патон /АНУ/
Эмэгтэй:
- Алтан медаль: Ко Су Ёнг /БНСУ/
- Мөнгөн медаль: П.Сарах /Белги/
- Хүрэл медаль: Ву Тинг Тинг /БНХАУ-ын Тайвань/ тус тус медальт байрт шалгарлаа.
Ч.БОЛОР