Цагдаагийн байгууллагын 90, Замын цагдаагийн албаны 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Зам” уран сайхны киноны нээлт өчигдөр "Тэнгис" кино театрт боллоо. Энэхүү киног Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Ганхуяг санаачилсан бөгөөд зам тээврийн ослын хохирол хор хөнөөлийг харуулахыг зорьжээ. “Зам” уран сайхны киноны гол дүрүүдэд Б.Чинзориг, О.Ганбаатар, Б.Өнөрбат нар тоглосон бол дүрүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Цэцэг, Т.Эрдэнэтогтох, Н.Отгонтогос, Ц.Төмөрхуяг нар тоглосон байна. Киноны ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Саранчимэг, Ерөнхий зураглаачаар С.Мөнхдалай нар ажиллажээ. Киноны нээлтийг өчигдөр хийсэн ч “Зам” уран сайхны киног есдүгээр сараас эхлэн нийтийн хүртээл болгох юм байна. Уг киногоор дамжуулан зам тээврийн осол нь нийгэмд ямар хохирол учруулдаг, гэр бүл, үр хүүхэд яаж хохирч үлддэгийг харуулахын зэрэгцээ томоохон сургамж болохуйц уран бүтээл хийхийг зорьсон хэмээн киноны багийнхан ярьсан юм.
Г.Даша