Баянгол дүүргийн 10 дугаар хороолол дахь “Материал импекс”-ийн хашаанд өчигдөр хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарчээ. Тус хашаанд байрлах иргэд, албан байгууллагын ачаа тээвэрлэдэг олон улсын тээвэр зуучийн компанийн байранд гарсан осолд дөч гаруй насны эрэгтэй хүн өртсөн байна. Техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй тээвэр зуучлалын компанийн хариуцлагагүй алдаанаас болж чингэлгийн хажууд зогсч байсан иргэний дээрээс хүнд гулгуур төмөр унасан байна. Техникийн аюулгүй байдлыг хангаагүй дээрх компанийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэнэтийн осол гарах тохиолдол цөөнгүй байна. Мөн барилгын хажуугаар явж байсан энгийн иргэд энэ мэт байдлаар хохирч байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Сайн