Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд шилийн сайн эр Цахиур Төмөр дээр Хонгор гүйж ирээд нэг тийм “Проблем”-оо аргалуулах гэдэг хэсэг санаанд орлоо. Цахиур Төмөр ч эрийн шийр зааж, түүнд тусалдаг. Харин өнөө цагийн Цахиур Төмөрийн дүрд шилдэг 76 улстөрч шалгаруулдаг хэсэг бүлэг хүмүүс, Хонгорын дүрд сая, сая төгрөгөөр PR хийлгэдэг гишүүд яг тохирч байна. Бодвол тухайн үед мань хоёрт “тархидуулаад” өнгөрдөг арвантавны цагдаа нар АРД ТҮМЭН болж таарлаа. За, ингээд л дараа жилийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ шүү дээ. Яг үнэндээ “Шилдэг 76 улстөрч”-ийн зургийг хараад инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Инээд хүрнэ гэдэг нь “Бие биеийнхээ дээр гарах нь ард түмэнд ашигтай юу” гэж бодогдуулах. Нөгөөтэйгүүр “Өдрийн талхны мөнгөгүй айл өрх байсаар байна” гэж бодохоор “Төрийн төлөө оготно боож үхэх” болох гээд байдаг. Өнөөх шилдгүүдийн дунд Ногоон сувгийн захирал Б.Батзул гэх бүсгүй байх юм. “За тэр ч яах вэ” гээд цааш хартал сумогийн их аварга Д.Дагвадорж байдаг байгаа. Хүмүүс ярих нь ээ “Шилдэг улстөрч” номинацид багтахын тулд дор хаяж таван сая төгрөг өгдөг гэсэн шүү. Шилдгийн шилдгийг тодруулах юм бол мөнгөөр сэлэм хийж байгаад үзэж тарах биз дээ. Яг л байрны гадаа байлдаж тоглож байгаа жаахан хүүхдүүд шиг. Харин яаж азаар үсгийн дарааллаар шилдэг 76-г тодруулсан юм. Ер нь “Шилдэг 76 улстөрч” гэсэн зарлал гаргаад улс-төрчдийн дунд дуудлага худалдаа явуулж, пиар гэж юу байдгийг бүрэн утгаар нь хийх юм биш үү. Хэсэг байж байгаад “За, шилдэг улстөрчдийг тодруулчихъя” гээд бизнес хийж болох нь ээ. Сонгууль ч ойртлоо, улстөрчид сунгаандаа гарлаа. Удахгүй хөл, толгой нь мэдэгдэхгүй баахан сайн хүмүүс олширно доо. Сонгууль дөхөөд ирэхээр “Ах аа, намайг бодоорой” гэдэг л болж байна уу даа.
"Улс төрийн тойм" сонин