О.Гүндэгмаа: Сүүлийнхээ сумыг шавхаад сая тэмцээнд оролцсон

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа: Сүүлийнхээ сумыг шавхаад сая тэмцээнд оролцсон

-Монголын тал өнгөрөгч гуравдугаар сард сумны төлбөрийг хийсэн боловч одоо хүртэл ачигдаагүй байна-

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг Биеийн тамир, спортын хөгжлийн төвд Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, албаныхантай уулзсан юм. Энэ үеэр Бразилийн Рио де Жанейро хотод зохиогдох зуны олимпийн XXXI наадамд оролцохоор эрх авсан тамирчдын бэлтгэл сургуулилалтын явцтай танилцсан юм.

Энэ үеэр буудлагын тамирчдын бэлтгэл хийх сумны хүрэлцээ муу байгааг хэлж, Англи улсаас нийлүүлэх сумыг ойрын хугацаанд авч ирэхэд туслахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон МИАТ компанийн удирдлагуудад бэлтгэл сургуулилтыг хэвийн явуулахад шаардлагатай сум, хэрэгслийг яаралтай нийлүүлэхэд анхаарч, арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Энэ талаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Бэлтгэл хийхэд сумны асуудал байгааг та Ерөнхий сайдад дуулгасан. Энэ хэзээ шийдэгдэхээр болж байна вэ?

-Олимпийн наадам хоёр сарын дараа Бразилд эхлэх гэж байна. Эрхээ авсан тамирчид дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа. Гар бууны тамирчдын хувьд сумны асуудал байна. Тиймээс Ерөнхий сайдад асуудлаа хэлсэн. Сумыг хурдан Монголд ирүүлэх арга хэмжээг авна гэдгээ хэлсэн. Бид саяхан тэмцээнд оролцоод ирсэн. 2014 оноос Монголын гааль дээр маш удаан хугацаанд /жил орчим/ хадгалж байгаад авсан сум одоо дуусч байна. Сая сүүлийнхээ сумыг шавхаад тэмцээнд оролцсон.

-Аль улсаас сум авчрах вэ?

-Буунд тохируулсан сумны фирм Англид байдаг. Одоогоор Англиас эсвэл Германаас ирэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Зургадугаар сарын 28-наас МИАТ-ийн шууд нислэг нээгдэхээр сум ачигдана гэсэн мэдээлэл сонсогдлоо. Манай талаас өнгөрөгч гуравдугаар сард сумны төлбөрийг хийсэн боловч одоо хүртэл ачигдаагүй байна. Бидний хувьд амжилт гаргахын тулд, дараа нь харамсахгүйн тулд өнгөрсөн онд буундаа гол төмөр сум тааруулсан. Урьд нь гар буучдын хувьд буундаа гол төмөртэй сум тааруулж байгаагүй. Хувийн зүгээс сумны фирмүүдтэй холбогдож асуусан. Тэдний зүгээс “Бид тодруулж байгаад хариу өгнө” гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Би анхнаасаа энэ асуудалд оролцоогүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна.

-Сүүлийн тэмцээний үеэр буунд асуудал гарав уу? Бэлтгэл ямар түвшинд байгаа вэ?

-Өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Бразилийн Рио де Жанейро болон Германы Мюнхенд болсон тэмцээний үеэр буунд гацаа үүсч, сумны асуудал гарсан. Бэлтгэлийн хувьд сайн байгаа. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж