AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах түүхэн шийдвэр гаргасан.
ОУСБХ-ны 2013 онд гаргасан шийдвэрт "Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно" гэж хязгаарласан заалт байсан юм. Харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй болж байгаа.
Дээрх шийдвэр гарснаар Монголын тамирчдаас Лондон 2012 олимпийн наадмын мөнгөн медальт, АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, Гавьяат тамирчин Н.Төгсцогтод РИО-гийн олимпод өрсөлдөх боломж нээгдсэн.
Одоогоор Монголын боксын холбоо AIBA-гийн шийдвэрийг түүнд танилцуулж, эрх олгох тэмцээнд оролцох хүсэлт тавиад байгаа аж. АНУ-д амьдарч байгаа Н.Төгсцогт хараахан албан ёсны хариу өгөөгүй байгаа ч өөрийн фэйсбүүк хуудаснаа
“Олимпод оролцох талаар яах ийхээ шийдээд, тодорхой мэдээлэл тавина аа” гэж бичжээ.
Эндээс харахад, Н.Төгсцогт олимпод оролцох боломжоос шууд татгалзсангүй, одоо харьяалагдаж байгаа агентлаг, клубынхээ удирдлагуудтайгаа ярилцахаар шийдсэн бололтой. Хэрэв тэр эхний удаа агентлагтайгаа тохиролцоонд хүрч чадвал Монголын боксын холбоо албан ёсоор бичиг дамжуулж, тамирчныхаа олимпод өрсөлдөх асуудлаар хандах юм байна. Ингээд хоёр тал санал нэгдвэл Н.Төгсцогт ирэх долдугаар сард болох олимпийн эрхийн тэмцээнд оролцож, эхний даваагаа давах ёстой. Сонирхогчдын боксынхонд эрх олгох нэг тэмцээн үлдээд байсан ч мэргэжлийн боксынхныг олимпод оролцуулах шийдвэртэй холбоотойгоор тэдэнд зориулан долдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Венесуэлийн Варгас хотод олимпийн эрхийн тэмцээн явуулахаар болсон юм.
Монголын боксын шигшээ багийн тамирчдаас одоогоор
- Г.Ган-Эрдэнэ /49 кг/
- Д.Отгондалай /60 кг/
- Б.Чинзориг /64 кг/
- Б.Түвшинбат /69 кг/ нар “РИО-2016” олимпийн эрхээ авсан байгаа.
Харин дараах дөрвөн тамирчин Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөнө. Тэмцээн зургадугаар сарын 14-26-нд Азербайжаны Баку хотод болно.
- Х.Энх-Амар /52кг/
- Э.Цэндбаатар /57 кг/
- Н.Шинэбаяр /75кг
- С.Эрдэнэбаяр /81 кг/
Монголын боксын холбоо Бакуд болох олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс 2-3 эрх авахаар тооцоолж байгаагийн нэг нь Э.Цэндбаатар. Хэрэв Э.Цэндбаатар энэ тэмцээнээс, Н.Төгсцогт долдугаар сард болох мэргэжлийнхний тэмцээнээс олимпийн эрхээ авлаа гэж бодоход энэ хоёр тамирчны хэнийг олимпод явуулахыг Монголын боксын холбоо шийднэ.
Б.БАДМАА