Жон Керри: Дэлхийн иргэн байх үүргээ Монгол биелүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Жон Керри: Дэлхийн иргэн байх үүргээ Монгол биелүүлж байна

Жон Керри: Дэлхийн иргэн байх үүргээ Монгол биелүүлж байна

-Монголын ардчиллыг идэвхтэй дэмжиж, анхаарал хандуулж ирсэн онцгой харилцааны зүй ёсны үр дүн нь ноён Керригийн “Монгол бол ардчиллын баян бүрд” гэсэн тодорхойлолт байлаа-

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол улсад өнгөрсөн Ням гаригт зургаан цаг айлчлаад манай урд хөрш БНХАУ руу мордлоо. Ноён Жон Керригийн хэлсэн “Монгол улс бол ардчиллын баян бүрд юм” гэсэн үгийг дэлхийн мэдээллийн сувгууд онцлон эшиллээ. Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Монголд айлчилсан тав дахь Төрийн бичгийн дарга нь Жон Керри болж байгаа юм. Монгол Улс ардчиллын замыг сонгосны дараахан буюу 1990 онд тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монголд айлчлах үеэрээ “Монголын гурав дахь хөрш” гэсэн нэр томъёог анх хэрэглэж байсан. АНУ Монголын ардчиллын үйл явцыг эхнээс нь идэвхтэй дэмжиж, анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэ онцгой харилцааны зүй ёсны үр дүн нь ноён Керригийн “Монгол бол ардчиллын баян бүрд” гэсэн тодорхойлолт байлаа.

Ноён Жон Керригийн энэ удаагийн айлчлал Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар хийгдэж байгаа бөгөөд айлчлалын үеэр Жон Керри, Л.Пүрэвсүрэн нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Ирэх 2017 онд Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг хэлэлцээний үеэр тэмдэглээд хоёр талын улстөр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. Хоёр орны харилцаа улстөр, батлан хамгаалах салбарт идэвхтэй хөгжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дурдаж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал талууд солилцсоныг сэтгүүлчдэд мэдээлсэн. Дэлхийн номер нэг эдийн засаг болох АНУ-тай Монгол улс эдийн засгийн харилцаагаа илүү өргөтгөх, зузаатгах шаардлага байгааг сайд Л.Пүрэвсүрэн онцолж байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая ам.доллар, худалдааны эргэлт 135 сая ам.доллар байгаа нь чамлалттай юм. 2013 онд АНУ болон Монгол улс Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах талаарх хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан, улмаар 2014 оны арванхоёрдугаар сард АНУ-Монголын худалдааны харилцаан дахь томоохон арга хэмжээ болох Ил тод байдлын гэрээг УИХ баталсан. Гэхдээ энэ гэрээ хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа.

АНУ-ын Мянганы Сорилтын сан Монгол улсад эхний ээлжийн төслөө хэрэгжүүлж дуусаад одоо хоёр дахь ээлжийн төслөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал болохыг сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо. Үүнээс гадна иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх саналыг сайд Л.Пүрэвсүрэн Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэррид тавив. АНУ-ын зүгээс монгол иргэдэд дээд тал нь 10 хүртэл жилийн виз өгч байгаа ч виз авах тал дээр гарч байгаа гомдол үргэлжилсээр байгаа билээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байгааг ноён Жон Керри мөн хэлээд энэ долоо хоногт АНУ-ын Худалдааны яамнаас өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид Монголд айлчлах гэж байгааг дуулгалаа. Монгол улсын олон улсын түвшинд идэвхтэй байгааг ноён Жон Керри өндрөөр үнэлж “Монгол дэлхийн иргэн байх үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа”-г онцлон тэмдэглэлээ. Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсон, мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй, амжилттай оролцож байгаа, “Онлайн эрх чөлөө” эвсэлд нэгдэж, даргалсан, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан, өөрийн ардчиллын туршлагаа зарим орон, тухайлбал, Киргиз, Мьянмар улсад түгээж байгаа зэрэг идэвхийг ийнхүү үнэллээ.

Төрийн нарийн бичгийн даргын шахуу айлчлалын төлөвлөгөөнд нэгэн содон арга хэмжээ төлөвлөгдсөн байсан нь Монголын салбар салбарын залуу манлайлагчидтай уулзаж, санал бодлоо солилцсон явдал байлаа.

Монголд байх хугацаандаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын манай хоёр хөршийн талаар хэлсэн тодотгол дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Тухайлбал, Ройтерс агентлаг Жон Керригийн "Вашингтоны эсрэг хүч нөлөө нь нэмэгдсээр байгаа ОХУ болон Хятадын дунд орших Монгол улс нь АНУ-ын нөхөрсөг холбоотон юм” гэж хэлсэнийг, ВВС агентлаг Өмнөд Хятадын тэнгист  агаарын довтолгооноос хамгаалах байгуулах гэсэн БНХАУ-ын байх суурь тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн санаа, энэ нь зөрчлийг улам хурцатгана” гэж хэлсэнийг онцлон эшиллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж