Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Хөрөнгө чинээ, эрх мэдэл гэх үгс Чинаватра гэдэг нэртэй холбогдсоор олон арван жил өнгөрчээ. Тайландын хамгийн нэр нөлөөтэй гэр бүл бол Чинаватрагийнхан. Үүнийг нотлох мэт албан тушаалаа өгсөн Таксин Чинаватра гэмт хэрэгтэн гэх нэр зүүхэд оронд нь төрсөн дүү нь гарч ирээд Тайландын Ерөнхий сайд болчихно. Гадны хэвлэлүүд Чинаватрагийнхны хөрөнгө дун­дарч, барагддаггүй тухай шуу­гина. Чинаватрагийнхан гэдэг то­дорхойлолтод чухам хэн багтаж байна вэ.

Анх Сэнг Сай Ху гэх эрхэм Хятадаас Тайланд руу цагаачлан ирж, тэнд өөрийн бизнесийг эхлүүлжээ. Хятадын эсрэг кампанит ажил 1938 оноос хүчтэй өрнөх үед түүний хүү овгоо сольж, Чинаватра болгосноор тэдний гэр бүлийн түүх эхэлсэн юм. Сэнг Сай Хугийн ач хүү Таксин Чинаватра Тайландын цэргийн академийг дүүргэснийхээ дараа Эзэн хааны улс төрийн академид орж, хожим нь АНУ-ын Кентакийн их сургуулийг төгсчээ. Тэрбээр Тайландад эргэн ирж, цэргийн генералын охинтой гэрлэн төрийн өндөр албан тушаал хаших болж. Түүний нам 2001 онд ялалт байгуулж, Таксин Чинаватра Ерөнхий сайд болсны дараа Тайландын эдийн засгийг бүрэн шинэчилж, улс орноо хөгжүүлсэн гэж ажиглагчид дүгнэдэг. Гэхдээ түүний Засгийн газар авлигад идэгдэж, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулан хэвлэлийн эрх чөлөөг боомилж байжээ. Харин сөрөг хүчнийнхэн нь түүнийг эх орныхоо хөрөнгийг гадныханд худалдсан хэмээн буруутгадаг. Олон улсын “Amnesty International” байгууллагаас Таксин Чинаватраг хүний эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Ерөнхий сайд байх хугацаанд нь түүний хөрөнгийн хэмжээ маш их өсчээ. Т.Чинаватрагийн байгуулсан “Шин” групп нь Тайландын харилцаа холбооны салбарын толгой компани юм. Тийм учраас түүнийг “теле холбооны тэрбумтан” гэж нэрлэдэг. Мөн нэг тэрбум гаруй бахт зарцуулан Чинаватрагийн их сургуулийг байгуулж байсан удаатай. Түүнээс гадна Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч ноёрхлоо тогтоожээ. Тайландад цэргийн эргэлт гарсны дараа түүний хөрөнгийг битүүмжлэх ажил өрнөсөн боловч төдийлөн үр дүнтэй болж чадаагүй юм. Таксин Чинаватра Тайландын улс төрд өнөөдөр ч гэсэн нэр нөлөөтэй хэвээр байна.

Чинаватрагийн гэр бүлийн нэрийг гаргаж яваа өөр нэгэн хүн бол түүний дүү Йенглак Чинаватра юм. Олон улсын хэвлэлээр “Тайландчууд хөөрхөн, баян, ухаалаг Ерөнхий сайдтай боллоо” хэмээн шуугицгаасан. Өнгөрсөн сарын сүүлчээр Тайландад болсон бүх нийтийн сонгуулийн дараа сөрөг хүчний тэргүүн Йенглак Чинаватрагийн нам ялалт байгуулж, тэрбээр таван намаас бүрдсэн эвслийн Засгийн газрыг толгойлох нь тодорхой болсон юм. Ингээд хэдхэн сарын өмнө Тайландын улс төрийн тогоонд багтах зайгүй болчихсон Чинаватра гэх нэр дахин цуурайтав. Таксин Чинаватра 2006 онд эх орноосоо дүрвэн гарсан. Тухайн үед тэрбээр өөрийн дүү Йинглак Чинаватра “Пэу Тай” буюу “Тайландын төлөө” намын тэргүүнээр сонгогдоход гол түлхэц үзүүлжээ. Энэ нь товчхондоо дүүдээ халаагаа өгч буй хэрэг болсон хэмээн ажиглагчид дүгнэж байв. Йинглак Чинаватрагийн улс төрийн туршлага маш бага. Өдгөө 44 нас хүрсэн бизнесмэн эмэгтэйн хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Та нар Таксинд хайртай гэдгийг би мэднэ. Тэгвэл түүний дүү охиныг хайрлаж, итгэл хүлээлгэж чадах уу” гэж хэлж байжээ. Тэр улс төрд орохын тулд “Чинаватра” гэх овгоо ашигласан юм. Тэрбээр ахынхаа нэгэн адил Кентакийн их сургуулийг төгссөний дараа “Shinawatra Directories” маркетингийг хариуцаж, хожим нь Тайландын хэвлэлийн зах зээлд хүч түрэн орж ирсэн байна. Мөн Тайландын үүрэн телефоны хамгийн том оператор компани болох “AIS”-ын гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Түүнийг Тайландын Үнэт цаас, арилжааны хорооноос “AIS”-ийн хувьцааг Таксин Чинаватрагийн “Шин” корпорацид хууль бусаар худалдсан хэмээн шалгаж байсан юм. Гэхдээ буруутай эсэхийг нь нотолж чадаагүй.

Таксин Чинаватрагийн өмнөх эх­нэр Потжаман Чинаватра нөхрийгөө огцорсны дараа эдийн засгийн гэмт  хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татаж байжээ. Тайландын цэргийн генералын охин тэрбээр аавынхаа нэрийг ашиглан 1980-аад оны үед нөхрийнхөө бизнесийг эхлүүлэхэд томоохон дэмжлэг болсон гэж ажиглагчид дүгнэдэг. Тухайн үед төрийн  мэдлийн газрыг хууль бусаар худалдан авсан хэмээн түүнийг Тайландын хууль сахиулагчид буруутгажээ. Потжаман Чинаватра нөхрийнхөө хамт “Шин” группын гол хувьцаа эзэмшигчид байсан боловч хожим  хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлсэн нь тэднийг ямар нэгэн зүйл нууцалсан хэмээн буруутгах үндэслэл болжээ. Гэхдээ мөн л хэргийг нь хүлээлгэж чадаагүй бөгөөд одоо тэрбээр Тайландад амьдарч байгаа юм.

Таксин Потжаман нар нэг хүү, хоёр охинтой. Охид нь одоо оюутан. Харин том хүү болох Пантонгтай нь хэдийнэ бизнест хөл тавьжээ. “Шин” корпораци дахь эцгийнхээ хувийг авсны дараа тэрбээр тэрбумтан болсон юм. Таксин Чинаватраг Тайландын Ерөнхий  сайд байх хугацаанд Зас­гийн газарт нь зөвлөх алба хашиж, улсын хэмжээний томоохон гэрээ, хэлэлцээрүүдийг хариуцан ажиллаж   байв. Пантонгтай Чинаватра хамгийн сүүлд Тайландын “TMB” банкны 300 сая ширхэг хувьцааг 4.5 тэрбум бахтаар худалдан авах томоохон хэлэлцээрийг хийсэн билээ. Гэхдээ тухайн үед “TMB”-ийн нийт хувьцааны үнэ 1.5 сая бахтын үнэтэй байсан аж. Таксин Чинаватрагийн хүүтэй холбоотой иймэрхүү олон хэрэг хожим сөхөгдсөн юм. Тайландын Үнэт цаас, арилжааны хорооноос түүнд 5.982 сая бахт буюу 150 мянган ам.доллараар торгожээ. Одоо тэрбээр хилийн чанадад амьдарч байгаа. Гэхдээ Тайландад болсон бүх нийтийн сонгуулийн үеэр саналаа өгөх гэж эх орондоо очсон байна. Потжаман Чинаватра хүүгийнхээ энэ үйлдлийг “Тэр улс төрд орж ирвэл би дэмжинэ” хэмээн дүгнэжээ.

Тайландад цэргийн эргэлт гарсны дараа Таксин Чинаватра Их Британид байхдаа өгсөн нэгэн ярилцлагандаа “Миний хамтрагчид намайг худалдсан” хэмээн буруутгаж байсан нь бий. Тэрбээр хамтран зүтгэж байсан хүмүүсээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хэмээн тодорхойлж байв. Гэвч түүний гэр бүлийн амьдралын замналыг харахад тэд ч бас эд хөрөнгөний төлөө чамгүй хүч хөдөлмөр зарцуулж байжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж