АНУ-ын Лос-Анжелос хотод болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрөгч баасан гаригт явсан. Тэгвэл тамирчин Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй үлдсэн юм. Бид албаны эх сурвалжаас тодруулахад “Виз гараагүй байсан гурван тамирчны асуудлыг холбогдох газруудад тавьсан байгаа. Тэдний виз даваа эсвэл мягмар гаригт/06.06-7/ гарахаар болсон” гэж хэллээ.
Дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Лос-Анжелос хотноо зургадугаар сарын 11-12-нд болно. Энэ тэмцээнд ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн шигшээ урилгаар оролцдог. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх гэж байгаа юм.
- 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
- 70 кг: Д.Алтангэрэл
- 74 кг: П.Өнөрбат
- 86 кг: Т.Үйтүмэн
- 97 кг: Д.Хүдэрбулга
- 125 кг: Ж.Чулуунбат тус тус барилдана.
Ч.БОЛОР