Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг бүх нийтээрээ дэмжиж буйг манай сонины цуврал хэлэлцүүлгүүд харуулж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд бид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, боломж, шинэ санаачилга зэргийг уншигчдадаа хүргэж байгаа юм. Тиймээс энэ удаад нефтийн илэрц бүхий орон нутгийн удирдлага, хувиараа дизель түлш үйлдвэрлэгч, салбарын асуудалд хариулт өгөх холбооныхон, хувийн хэвшлийнхний байр суурийг сонирхлоо.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг: ЗҮҮНБАЯНД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
-Зүүнбаянгийн нефтийн ордоос ганцхан жилийн хугацаанд 600-700 мянган тонн газрын тос олборлож, урд хөрш рүү экспортолж байна. Үүнийг боловсруулж, дотоодын зах зээлдээ нийлүүлбэл шатахууны үнэ буурах боломжтой. Одоогоор хоёр компани манай аймгийн нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Орон нутгийн зүгээс ч бүрэн дэмжиж байгаа. Миний ойлгож буйгаар түүхий эд боловсруулах технологийг Монголд нэвтрүүлэхэд хүндрэлтэй биш санагдсан. АНУ-ын жижиг аж ахуйн нэгжүүд нэг цооног дээр төхөөрөмж суурилуулчихаад түүхий эдээ нэрдэг юм билээ. Ер нь манай улс шиг ийм өндөр үнэтэй шатахуунтай газар бараг байдаггүй гэсэн. Дээр нь шатахууны хомсдлоос болж хөдөөд бүтээн байгуулалтын ажил удааширч байна шүү дээ. Манай аймагт л гэхэд замын ажил нэг л урагшилж өгөхгүй байна. Энэ чинь өнөөх шатахуунаас л болж байгаа хэрэг. Төр засгийн зүгээс нефть импортлогч компаниудтай харьцах арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Био түлшний “Эн Би Эф” компанийн захирал Б.Энхболд: ШАТАХУУНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООСОО ХАНГАХЫГ ЦАГ ҮЕ ШААРДАЖ БАЙНА
-Манай улсын импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний 70 хувийг дизель түлш эзэлж байна. Автобензинээс илүү дизель түлш хомсдвол манай зах зээлд аюултай. Дээр нь уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед түлшний хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Автобензин ч ялгаагүй дээ. Бид дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Авто тээврийн газраас гаргасан судалгаагаар 2005 онд 74 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн онд 145 мянга давчихсан байна. Харин 4-5 жилийн дараа 200 мянга хол давах таамаг гарсан байна билээ. Гол нь гадаад зах зээлээс импортолдог түлш, түүний хомсдол биднийг яах аргагүй дотоодоосоо хэрэгцээгээ хангахыг шаардаж байна.
“Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан: НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНГҮЙГЭЭР ХӨДЛӨХГҮЙ
-Дизель түлш хомсдоход байдал ямар болсныг хүн бүхэн анзаарсан байлгүй дээ. Эндээс л дүгнэлт хийх ёстой. “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниас бусад бүх тээврийн компаниуд тарифаа нэмлээ. Одоо тэр тарифаараа иргэдэд үйлчилж байна. Дээр нь автобус баазууд тээврийн хэрэгслийнхээ тоог эрс цөөллөө. Ийм үед газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай барих хэрэгтэй. Манай компани гэхэд шатахуун хэрэглэдэггүй тээврийн хэрэгслийнхээ тоог нэмэх гээд маш олон судалгааны ажил дунд орчихоод явж байна. Нарны энерги гэх мэт шинэ тутамд гарч байгаа зүйлсийг нэвтрүүлэх гэж байна. Гэхдээ цахилгаан тээвэр, шатахуун хэрэглэдэг унаа хоёрыг зэрэгцүүлж л хэрэглэх ёстой. Цахилгаан тээврийг түлхүү нэвтрүүлэх гэхээр эрчим хүчний эх үүсвэрээс эхлээд тулгарах асуудал олон байна. Ер нь Монгол Улсын үйлдвэрлэлийн бодлогод маш олон дутагдал байгаа. Боловсруулах үйлдвэр барихыг хүн бүхэн дэмжиж байхад үүнийг ажил хэрэг болгоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх л хэрэгтэй.
“Нефть хий” ассоциацийн Гүйцэтгэх захирал Л.Норовренчин: БИЗНЕСИЙН САЛБАРАА ДЭМЖИЖ БАЙЖ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
-Маш их судалгаа шаардсан ажил байх нь лавтай. Гэхдээ шатахууны зах зээл улам тэлж байгаа энэ үед боловсруулах үйлдвэр байгуулахаас өөр аргагүй. Одоо байгуулах гэж байгаа хоёр үйлдвэр түүхий эдээ хойд хөршөөс авч, үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй эсэх дээр маргаантай байгаа бололтой юм билээ. Гэхдээ яам, харъяа агентлагаас нь дэмжиж байгаа болохоор удахгүй тэдгээр үйлдвэр үүдээ нээх биз. Үүнтэй адил үйл ажиллагаа эрхлэхийг хүсч буй бизнесмэнүүдийг дэмжих нь зүйтэй. Үгүй бол монополь шинж чанартай болохыг үгүйсгэхгүй. Энэ мэт олон асуудалд дүн шинжилгээ хийж байж боловсруулах үйлдвэр байгуулах болов уу. Ямар ч байсан яаралтай барих, ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ирэх жил амждаггүй юм гэхэд 2013 он гэхэд нефть нэрдэг болчихвол маш том амжилт болно гэж бодож байна.
“Петровис-тос” компанийн менежер Ц.Чүлтэмсүрэн: БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ТӨР ИРГЭДДЭЭ ЗҮГЭЭР Л ТАРААЖ БАЙНА
-Хойд хөршид улс төрийн айлчлал хийгээд ирсэн аль ч төрийн түшээд маань “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй юм байна” гэж хэлдэг шүү дээ. Оросууд биднийг шатахуун гэгч зүйлийнхээ нийлүүлэлтээр бараг л сөхрөөх шахлаа. Мэдээж энэ асуудлын гарц нь газрын тос боловсруулах үйлдвэрээс өөр юу байх билээ. Гол нь энэ тал дээр улс төрийн элдэв хийрхэл дэгдээснээс болж эрдэмтдийн хийсэн судалгаануудыг үгүйсгэж байна. Бид аль 1960 онд нефть боловсруулах үйлдвэртэй байсан улс шүү дээ. Тиймээс үүнийгээ сэргээхэд болохгүй зүйл байхгүй. Иргэдэд их хэмжээний мөнгө тарааж, өнөөх нь ам, хамарт ч үгүй алга болж байгааг хараад шүүмжилж буй хүн олон байна. Тэдний зөв. Боловсруулах үйлдвэр байгуулчих мөнгийг зүгээр л хийсгэчихэж байгаа юм чинь.
"Улс төрийн тойм" сонин