“Ардын намынхан байр суурин дээрээ хатуу зогсоно” гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

“Ардын намынхан байр суурин дээрээ хатуу зогсоно” гэв

Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг бүлгийн хуралдааныхаа талаар хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулахад ойролцоогоор 6-8 тэрбум төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай. Ард түмнээс асуух гэж байгаа асуудлаа нарийн томъёолох хэрэгтэй. Учир нь “Хүчингүй болсон асуудлаар найман жилийн хугацаанд дахин санал асуулга явуулах боломжгүй” гэсэн хуулийн заалт бий. Тиймээс санал асуулга явуулах тал дээр хөнгөн хуумгай хандаж болохгүй. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатган явуулж болно” гэж үзэж байгаагаа хэллээ. Тэд санал асуулга нэрээр мөнгө гарздах хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа юм. Сонгуулийн тогтолцооны хувьд Ардчилсан намын бүлэг харилцан тохиролцоонд хүрч болно гэж байгаа. Тус намынхан Ардын намын бүлэгт 38:38 гэсэн хувилбарыг санал болгосон. Гэхдээ энэ нь 50:26 хувилбараасаа ухарч байгаа юм биш, харин зөвшилцөх үүднээс Ардын намын бүлэгт ойртуулсан хамгийн боломжийн хувилбар гэж хэлж байна. Уг нь хоёр намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулж, тохиролцож чадахгүй асуудлаа шийдвэрлүүлье. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар санал нэгдсэн байсан. Гэтэл Ардчилсан намынхан тохиролцооноосоо гэнэт ухарлаа гэж Ардын намынхан буруушааж буй. Ардын намынхны хувьд хамтарсан Засгийн газар байгуулахдаа л 50:26 буюу пропорциональ хувилбар нь давамгайлсан холимог тогтолцоог санал болгосон. Түүнийг нь ч намууд дэмжсэн. Гэвч МАХН нэрээ сольж, “нүүр”-ээ угаан Ардын нам болсон нь тэднийг зангаа хувиргахад хүргэв. Ардын намынхны хийсэн бантангаас болж УИХ-ын үйл ажиллагаа хоёр долоо хоног гацлаа гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Хоёр намын бүлгийн зөвшилцөх ажлын хэсгийн хуралдааны үеэр Ардын намын бүлэг 52:24 хувилбараа нааштайгаар өөрчилж байсан. Гэвч бүлгийн дарга Ө.Энхтүвшин байр суурь дээрээ хатуу зогсохоо албан ёсоор мэдэгдэв. Тэднийг ингэж бухимдуулах болсон шалтгаан нь Ардчилсан намынхан ард нийтийн санал асуулга явуулах хэрэггүй гэж үзсэнээс болсон бололтой. Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “УИХ-ын 2012 оны сонгуулийн тогтолцоог ямар хувилбараар явуулах вэ гэдгийг ард түмнээсээ асууя л гэсэн юм. Энэ талаар Засгийн газраас санал авахуулахаар явуулна. Харин бид Ардчилсан намынхнаас УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд оролцооч ээ гэж хүсэж байгаа. Манай намын хувьд мажоритари хувилбар нь давамгайлсан буюу хүнээр нь сонгоё гэсэн байр суурь хэвээр байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс 38:38 гэсэн хувилбарыг санал болгосон. Харин бүлгээрээ хэлэлцээд “Боломжгүй” гэдгээ хэлсэн. Ард нийтийн санал асуулга явуулахад 10 тэрбум төгрөг хэрэгтэй гэж ярьж байна. Бидний тооцоолсноор гурван тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ” гэв. Намын бүлгийн дарга нарын байр суурийг харахад 50:26, 52:24 хувилбарын аль нь байх вэ гэсэн маргаанаас гадна ард нийтийн санал асуулга явуулна, явуулахгүй гэх “шинэ” мэтгэлцээнийг үүсгэж байна. Хэрэв Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулбал хуулийн хугацаанд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж амжихгүй аж. Харин дан ганц сонгуулийн тогтолцоогоор санал асуулга явуулбал батлах боломжтой юм байна. Мөн УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь “Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв” гэж үзсэн тохиолдолд санал асуулга явуулах аж. Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Бид гуравны хоёрын саналыг авчих байх” хэмээн итгэлтэй хэлж байсан юм. Хэрэв дан ганц сонгуулийн тогтолцооны талаар санал асуулга явуулбал “Сонгогч та хүнийг нь сонгох уу, намыг нь сонгох уу” гэх асуултыг тавих аж.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Д.Энхбат Иргэний зориг, Ногоон намыг төлөөлөн сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хоёр намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулахаар шийдэж байна. Энэ нь эрх баригч намуудын аль нь сонгуульд ялах вэ гэдгийг харуулах болно. УИХ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж чадахгүй байна гэдэг нь ажлаа хийж чадахгүй байгаагийн шинж. Тэгэхээр ажил хийж чаддаггүй УИХ өөрөө тарах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх санал асуулгыг стандарт бус Засгийн газар явуулах ёсгүй. Хэрэв өөрчлөлт оруулах болбол Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Харин бид 50:26 буюу пропорциональ нь давамгайлсан хувилбар дээрээ хатуу зогсоно. Ардчилсан нам байр сууринаасаа ухарч байгааг шүүмжилж байгаа” гэлээ. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж