Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр тохиодог “Автомашингүй өдөр” арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриатай өдөрлөг зохион байгуулж байна.
Энэ нь авто машины ослоос хүүхэд багачуудыг хамгаалах зорилготойгоор хийж буй арга хэмжээ юм. Монгол Улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14151 хүүхэд өртсөн гэх мэдээлэл байна. Ослын шалтгаан нь хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдах эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдөө зөв үлгэрлэж гарцаар зам хөндлөн гарах, автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг дээрх арга хэмжээний үеэр уриалж байна.
Мөн дээрх арга хэмжээтэй зэрэгцэн “Тэрэгтэй парад”-ыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Парад зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл үргэлжиллээ. Эцэг эхчүүдийг хүүхдээ тэргэнд суулгаад эсвэл үүргэвчинд нь үүрээд хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийг хангахын төлөө уг парадад нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Мөн тэрэгтэй парад”-аар дамжуулан машины дуут дохио хүүхдийг айлгаж цочоохгүй байх, хүүхдээ тэрэгтэй нь түрээд бартаа саадгүй явах гудамж талбайтай болгохыг хүслээ.
Г.ХОРОЛ