УИХ-ын дарга З.Энхболдын Япон улсад хийсэн ажлын айлчлалд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан багтаж ажилласан. Айлчлалаар шийдвэрлэсэн гол асуудал нь Монгол залуусыг Япон улсад дадлагажигчаар бэлтгэж сургах болсон. Энэ талаар нь тодрууллаа.
-Айлчлалын хүрээнд монгол залуус Японд нарийн мэргэжлээр мэргэших боллоо. Эл асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Японы нийслэл Токио хотноо хоёр улсын Засгийн газар хооронд анх удаа хөдөлмөрийн салбарт санамж бичигт гарын үсэг зурлаа. Сүүлийн найман сарын хугацаанд гэрээ, хэлэлцээрийг хийж ирсэн ажил байсан.
Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгө, санхүү мөн ажиллах хүчний урсгалыг зайлшгүй бий болгох шаардлага байгаа. Үүнээс үүдэн манай улс Япон улсад залуусыг мэргэжлийн ур чадварт дадлагажуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Бидний зорилго Япон улсаас технологи импортлох, ноу хау сурах, монгол залуусыг Японы технологийн ажилд сургах. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий, хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна төдий хэмжээгээр Японд суралцуулж, дадлагажуулна гэж ойлгох хэрэгтэй. Энэ ажлыг даруй эхлүүлнэ. Хөдөлмөрийн яамнаас залуусыгаа мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөрөө дамжуулан хэлний бэлтгэлд бэлтгэж Япон руу илгээнэ. Засгийн газрын сүүлийн хуралдаанаар “Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв”-ийг байгуулсан. Энэ байгууллагаар Япон руу гарах ажилтнуудыг бэлтгэнэ. Мөн Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Хөдөлмөрийн атташе нар энэ гэрээг ажил хэрэг болгохоор ажиллах юм.
– Хэзээнээс монгол дадлагажигч нарыг бэлтгэхээр Япон руу илгээх вэ?
-Энэ ажлыг эхлүүлэхэд Монголын талаас их зүйл шалтгаална. Хамгийн тэргүүнд Хөдөлмөрийн яам Японд ажиллаж, дадлагажих залуусыгаа бэлтгэх шаардлагатай байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэх учир бид залуусыгаа ойрын хугацаанд бэлтгэнэ. Зохицуулах шаардлагатай ажлууд байна. 1960-1990 оны хооронд 100 гаруй мянган монгол залууг ЗХУ-д мэргэжилтнээр бэлтгэсэн байдаг. Тэгэхээр энэ удаа дээрх хэмжээний залуусыг дадлагажигчаар сургана гэж ойлгоорой. Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй монгол залуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг.
-Япон руу 100 гаруй мянган монгол залууг илгээх болж байгаа нь дотоодынхоо ажиллах хүчийг гадаад руу алдах сөрөг талыг бий болгоно гэх шүүмжлэл гарч байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Та бүхэн асуудлыг зөв талаас нь ярих ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийн хурд цаг, минутаар хэмжигдэж байгаа. Тэгэхээр бид өндөр хөгжилтэй улс орнуудаас түүн дотроо Японоос техник, технологи импортлох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх арга барилыг зайлшгүй сурах шаардлага байгаа. Үүнийг бүтээн байгуулалтын талаас нь харна гэдэгт итгэж байна.
Г.ДАРЬ