Хүчтэй борооны улмаас Парис хот үерт автаж, Франц улсын хэмжээнд онц байдал зарлажээ. Үерийн улмаас мянга мянган иргэд гэр орноо орхиж, зарим нь завин дээр хоног төөрүүлж байна.
Одоогийн байдлаар Парисын метро галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслүүдийг зогсоосон бөгөөд Францын цэргийн арми гамшигт өртсөн иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Засгийн газрын зүгээс Парисын нийт 20,000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Францын нэгэн адил Герман улсад ч мөн адил үерийн улмаас онц байдал зарлаад байгаа бөгөөд Европыг хамарсан энэхүү их хэмжээний үерийн улмаас өчигдрийн байдлаар гэхэд нийт 11 хүн амиа алдсан тооцоо гарчээ.
Парисын толь гэгдэх Сейна мөрний усны түвшин сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр түвшин буюу 6.5 метрт хүрчээ. Сейне мөрний түвшин хэвийн хэмжээндээ орж татрах хүртэл хэдэн долоо хоног шаардагдана хэмээн тус улсын Байгаль орчны яам мэдэгдсэн байна.
Гэвч үерээс илүү олны санааг зовоож буй асуудал нь жуулчдын соронзон болсон Луврын музейн доод давхрын агуулахад хадгалагдаж буй 150,000 орчим урлагийн үнэт бүтээлүүдийн бүрэн бүтэн байдал болоод байна. Тиймээс эдгээр урлагийн бүтээлүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн бөгөөд уг ажиллагаанд 72 цаг шаардлагатай гэнэ. Азаар Леонардо Да Винчийн “Мона Лиза” бүтээл нь музейн доод биш дээд давхарт байрладаг тул түүнд санаа зовохгүй байж болно гэдгийн музейн албаныхан мэдэгджээ.
Г.Сүмбээ