САНАЛ ХЭЛЭЭГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч уржигдар УИХ дахь намуудын бүлгийн дарга нартай уулзаж, ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн талаар өчигдрийн зарим хэвлэлд онцолжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаанаас тодрууллаа.
-Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гарагт УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нартай уулзаж, ард нийтийн санал асуулга явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн талаар хэвлэлүүд нийтэлжээ. Ийм байр суурь баримтлах болсон шалтгаан нь юунд байв?
-Энэ бол бага зэргийн ташаа мэдээлэл гэж хэлмээр байна. УИХ-д Үндсэн хуулиар олгосон, хэнтэй ч үл хуваалцах онцгой бүрэн эрх гэж бий. Тухайлбал улсын төсвийг батлах, татвар тогтоох, бүх төрлийн хууль, түүний дотор Сонгуулийн хуулиа батлах эрх билээ.
Ерөнхийлөгч намуудын бүлгийн дарга нарт УИХ Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдлэх чадамж болчихоод ийм санал гаргаад байна уу. Өөрөөр хэлбэл ажиллах потенциалиа шавхчихсан юм уу гэдэг өнцгөөс л асуусан хэрэг.
-УИХ дахь бүлгүүд ард нийтийн санал асуулга явуулъя гэсэн шийдвэрт хүрч, зөвшилцөөд, ажлын хэсэг гаргаад асуултаа томьёолчихоод байхад нь заавал энэ асуудалд оролцох хэрэг байсан юм уу?
-Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд Ерөнхийлөгч улс орны хувь заяаны ямар ч асуудалд оролцож болно. Харин ямар хэлбэрээр оролцох вэ гэдэг бол өөр асуудал.
-Энэ удаад албан бусаар намын бүлгийн дарга нарыг дуудаж, саналаа хэлсэн гэж үзэх үү? Эсвэл таны хэлснээр асуулт асуусан гэж ойлгох уу?
-Асуулт асуусан гэж ойлгох нь зөв. Сонгуулийн тойргийн тоог тодорхойлохын тулд ард нийтийн санал асуулга явуулаад байх нь хэр зохимжтой вэ. Тийм боломжтой юу. УИХ хууль батлах эрхээ ард түмнээс авчихсан шүү дээ. Сонгуулийн хуулийг батлах талаар УИХ-ын бүлгүүд хоорондоо зөвшилцөх аргагүй мухардалд орсон юм уу. Хэрэв тийм биш бол заавал цаг хугацаа, хөрөнгө шаардсан, хариуцлагаас зайлсхийсэн аргаар асуудалд хандах нь зөв үү гэх мэтээр асуулт тавьсан хэрэг
-Ерөнхийлөгчийг байр сууриа ийнхүү илэрхийлсний дараа УИХ дахь намуудын бүлгүүд хуралдаж, улмаар парламентын үйл ажиллагаа дахин гацлаа. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг маань эвдрэлцүүлэх алхам хийчихлээ гэж бодохгүй байна уу?
-Огт үгүй. Намын бүлгүүд санал зөрвөл, бие биенийхээ саналыг хүлээн зөвшөөрөөгүй бол яриа хэлэлцээрийн замаар асуудлаа шийдээд явдаг нь ардчилсан оронд байдаг л зүйл. Тиймээс улс төрийн хямрал дагуулахуйц, эсвэл төрийн ажлыг гацаасан санал хэлээгүй гэж бодож байна. Харин ч бодож эргэцүүлэх боломж олгосон болов уу. “Хүн ухаантай ч хэлэхээс наашгүй” гэдэг дээ.
-Ард түмний Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгыг эсэргүүцэж буй нь анхаарал татаж байна. Гол үндэслэл нь санал асуулгын сэдэвт байсан болов уу гэж найдаж байна?
-Ард нийтийн санал асуулга явуулж болно. Үндсэн хуульд ч тийм заалт, боломж байгаа. Гэхдээ арай тулхтай, чухал асуудлаар явуулах хэрэгтэй болов уу. Олон нийтийн жагсаал, цуглааны үеэр зарим асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдье гэсэн санал гардаг. Тэр бүхнийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжгүй. Монголын түүхэнд тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудлаар ард нийтийн саналыг нэг л удаа авч байсан. Монгол Улсын сонгогчид, иргэд сонгуулиар дөрвөн жилийн хугацаанд “Та нар бидний эрх ашгийг төлөөлөөд, бидний өмнөөс шийд гаргаарай” гээд итгэл хүлээлгээд явуулчихсан байхад, буцаж очоод “Бид чадахгүй нь. Та нар шийдэлцэж өгөөч” гэх нь УИХ-ын чадамжийг тодорхойлсон явдал уу, хариуцлагаас зайлсхийсний илэрхийлэл болох уу гээд олон асуулт аяндаа ундарч байгаа биз дээ. Ерөнхийлөгч энэ оны эхээр Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ шууд ардчиллын зарчим, тогтолцоотой нь танилцаж судалж ирээд хэлж байсан. “Хэрэв УИХ-д эрх нь ихдээд байвал ард түмэнд, орон нутагт шилжүүл. Шууд ардчиллыг бий болгоё” гэж. Энэ бол зарчмын өөр асуудал. Харин энэ талаар санал асуулга явуулж болно. Гэхдээ долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар асуудалд буурь суурьтай хандах нь зөв болно.
"Улс төрийн тойм" сонин