Жишээ нь зөвхөн хүйтэн нөхцөлд ургадаг олон төрлийн ургамал, жимс жимсгэнийг “чулуу болгох” орон зай хоосон байсаар байхад бид яагаад заавал оймс, таавчиг үйлдвэрлэх гэж оролддог юм бэ? Дэлхийн эдийн засгийн зураглалд Монгол хадаад түүхий эдийн бааз гэж тэмдэглэгдэх нь бий. Булзах ч, мэлзэх ч аргагүй.
Бид эргэн тойрон хоёр мянган километр радиус зэлүүд шахуу газрын төвд амьдардаг юм чинь. Салхинаас бусад тээврийн хэрэгсэл бүгд өртөгтэй тул массын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнээр өрсөлдөх утга учир ингээд дуусч байна. Ийм газар баялаг бүтээгчдэд бага хүүтэй зээл өгөөд “мартчихдаг” Citi, HSBC мэтийн банкууд нь тоож орж ирэхгүй.
Бид үнэн байдлаас булзаж олон жил “баялаг бүтээнэ” гэж өөрснийгөө хуурсаар ирлээ. Дотооддоо юу ч “үйлдвэрлээд” гаднаас орж ирсэн ижил төрлийн бараанаас илүү үнэтэй хэрнээ дутуу чанартай гардаг. Гутал, оймс, таавчиг хийсэн ч заримыг нь сувенир болгож л худалдан авч байна. Масс үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн шалтгаан ердөө л том үйлдвэрлэгч бий болохгүйд байгаа юм. Том үйлдвэрлэгчийг том зах зээл л төрүүлдэг. Харин манай зах зээл..
Дэлхийд АНУ, Япон, Герман, Хятад гэсэн үйлдвэрлэлийн бүсүүд байдаг ба эдгээрийн онцлог нь зээлийн маш бага хүү, маш урт хугацаа буюу жилийн 3-5 хувийн хүүтэй зээл 5-20 жилийн хугацаатай “олддог”. Жишээ нь 2014 онд Хятадад Корпорэйт зээлийн жилийн хүү 5.60 хувь, Японд 1,22 хувь, Австралид 5.95 хувь, Чехэд 4.64 хувь байжээ.
Үйлдвэрлэлийн бүс бий болох үндсэн суурь нь иргэдийн боловсролоос гадна багадаа л 30-70 сая хүн ам, далайд гарцтай эсвэл хуурай замын нягт сүлжээтэй байх, цаг агаарын таатай нөхцөл гэх мэт зүйлс тул бидэнд элдэв бүсэд багтах боломж байхгүй байна.
Тэгвэл чацарганаа дэлхийд гаргаж, ноолуураараа бөмбөрцгийг бүрчихье л дээ. Харин энэ бол санаа шүү. Үнэхээр боломжтой. Угаасаа ингэж 25 жил ярьлаа. Гэтэл яагаад одоо хэр нь дэлхийг эзэлж чадахгүй байна вэ? Дэлхийн хүнс, барааны үйлдвэрлэл, сав баглаа боодлын чанар стандартад хүрэх нь нэг асуудал. Цаана нь хэрэглээ нь хөгжчихсөн смарт хэрэглэгчдэд танигдах арван жил, хорин жилийг хотойхгүй дааж чадах нуруу дутаад байгаа юм. Энэ нуруу чинь мөнгө шүү дээ. Мөнгө гэдэг маань зээл. Даанч манай банкуудын зээл жилийн 25 хувиас эхэлнэ. Ингээд зогсохгүй хоёр гуравхан жилд амжуулах хэрэг гарна. Эс амжвал өрийн дарамт…
Чи барь, би давтая
Зах зээлийн өнөөдрийн энэ ололт амжилт нь XVII зууны Баруун европд эхэлсэн байх юм. Тэр үеийн эдийн засагч Антонио Сера “Хоёр хотын аль нь баян бэ? гэдгийг мэдэхийн тулд нэг бүтээгдэхүүнийг хэдэн хүн хувааж хийж байгааг нь харах хэрэгтэй” гэжээ. Тэрээр нэг тосгонд морин тэргийг ганц дархан туслахтайгаа хийхийг, гэтэл нөгөө тосгонд тэвшийг өөр хүн, дугуйг нэг хүн, голыг нь гуравдахь хүн хийхийг ажиглажээ. Хоёр дахь тосгоны хоршоо хөдөлмөр үйлдвэрлэгчдээ ч үр ашигтай байж тосгоны амьжиргаанд ч сайнаар нөлөөлж байв. Нэг бүтээгдэхүүнийг олон хүн хамтарч хийх тусам тэнд нэмүү өртөг бий болж, ажлын хамрах хүрээ нэмэгдсэнээр нийтээрээ хөгжих үндэс ч болдог ажээ. Ажил мэргэжлийн тоо, төрөл нэмэгдэх тусам хөгжил ирж, бүтээгдэхүүн чанаржих тусам худалдан авалт нэмэгдэж, мөн өрсөлдөөн ч үүсч байлаа.
Гэхдээ хоршоо хөдөлмөрийн энэ системд гурваас дээш мэргэжилтэн хамрагдах нь өдрийн од шиг байлаа. Гарааны санхүүгийн чадамж, хариуцлага, долоо хоногийн дараа 20 дугуй хийгээд ирнэ гэх итгэл гээд бүхий л зүйлээр дутмаг байв. Харин тэдэнд гайгүй шиг мөнгө өгчихвөл үр ашиг гарна гэдгийг олж харсан нэгэн баян эрхэм зээл санал болгожээ. Энэ бол банк үүссэн түүх.
Банк
Банк бол бүх үйлдвэрлэгчийн холбогч, эрсдэл үүрэгч, эдийн засгийг томруулагч. Банк үүссэнээр зах зээл томорч, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл утгаараа хөгжин капитализмын эх тавигдсан түүхтэй. Тосгоныхон морин тэргийг хоёуул гурвуулаа хийдэг байсан бол өдгөө нэг ширхэг автомашин хийхэд 2500 үйлдвэрлэгчийн бүтээсэн 20,000 эд ангийг нийлүүлж 3-9 зэрэг бүхий 2,000 гаруй мэргэжилтэн оролцдог болж. Хөдөлмөр хувааж хийх зарчим ингэж хөгжсөн байна. Харин энэ бүхэнд, эд ангийн үйлдвэрүүд бий болохоос эхлээд мэргэжилтний сурч боловсроход хүртэл банкууд оролцсон байдаг. Тиймээ, дэлхийг банкууд эзэмшиж байгаа нь харагдана.
Манай бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид чадварлаг мэргэжилтэн бэлдэж, шинэ технологи оруулж ирэхээс илүү үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ эд анги бүрийг “өөрөө хийх нь” илүү үр ашиг авчирна гэж боддог. Энэ нь бизнесийн дүрэмд харшлах ба тал тал тийшээ самгардсан хүн тогтсон нэг зүйл хийж байгаа хүнийг хэзээ ч гүйцдэггүй. Баахан ийм” жижиг гарууд”-аас бүрдсэн нийгэм ч хөгжиж дэвжихгүй. Тийм богино хугацаатай, тийм өндөр хүүтэй зээл хоолойд нь тулсан байхад бушуухан ганцаараа гараанаас гарахыг хичээхээс ч яахав. Гурван жилийн дараа ашиг тус нь гарах “хүүхдийг” ч сургуульд явуулаад яах билээ.
Дэлхий дээр гал тогооны тавилга хэрхэн үйлдвэрлэгдэж байна вэ? Нэг нь хавтан, нөгөө нь хавтангийн хуулга, гуравдахь нь нугас, дөрөвдэх нь шил гэх мэт хийсээр эцэст нь угсрагч компани бүгдийг нь худалдаж авна. Бүх бүтээгдэхүүн энэ мэт гинжин холбоогоор үйлдвэрлэгддэг. Бие биенээ харахгүй хэрнээ нэг л зүйл бүтээж буй энэ үйлдвэрлэгчдийг банк л холбож, хөдөлгөж байгаа юм. Дэлхий дээр шүү. Харин Монголд болохоор арилжааны банкуудын корпорэйт зээлийн хүү дэндүү өндөр гэдгийг дээр хэлсэн. Монгол бизнесмэн зээл аваад эргэж төлж чадахгүйд хүрч, улмаар бизнесээ зогсоож, эсвэл арай ядан амиа зогооно. Зээлээ доллараар аваад, удалгүй долларын өсөлтөд хар шуурга шиг дайруулж дампуурсан хүн нэлээд байна.
Тэгвэл төрөөс үүнд оролцох боломж бий юу. Та битгий яараарай, төрийн халамж, татаас өглөгөөс огт өөр зүйл ярих гэсэн юм шүү.
Уул уурхайн үр шимийг чиглүүлэх
Бид уул уурхайнхаа үр шимийг илүү хүртээмжтэй, бодитой, хүн бүрийн арьсан дээр хүргэх болгох боломжтой. Гадаадад асар их мөнгө байна. Тэрийг оруулж ирэх өгөөш нь Монголын хувьд ашигт малтмал. Сонгууль дөхөөд бүх нам “Тавантолгойг хөдөлгөнө, Оюутолгойг урагшуулна” гэж ярьж байна. Үнэндээ тэд хөдөлгөхгүй, хөдөлгөх талд зөвшөөрөх тухайгаа хэлж байгаа юм. Тэгвэл тэр талтай гэрээ хийх үндсэн нөхцөл дээрээ нэмээд хүү багатай, урт хугацаатай зээл өгөхийг санал болгох болно. Бусад зүйлс адилхан, дэлхийн жишгээр татвар, роялти…
Магадгүй Монголын төр гадны хөрөнгө оруулагчдаас жилийн 4 хувийн хүүтэй зээл аваад арилжааны банкуудаар дамжуулан хувийн хэвшлүүдэд 7 хувиар өгч болно. Маш нарийн тооцоо судалгаатай, өндөр шалгууртай, хяналтын үечлэлтэй энэ бүхнийг хэрэгжүүлбэл монголчуудаас дэлхийд гарах биет болоод оюуны бүтээлүүд ундарч эхэлнэ. Баялгаа олборлож олох мөнгөний тухай бид арван жил хэрэлдлээ, тэгвэл энэ мөнгийг багадаа л хорь дахин үр ашигтай болгох боломжийг энэ зээлийн санаа олгох юм. Хорин жилийн дотор мөнгө инфляцаас шалтгаалаад хэд дахин унах билээ дээ…
Хорин жилийн дараа төлж эхлэх бага хүүтэй зээл бол Монголын бизнес эрхлэгчдийн алтан боломж. Монгол улсын хөгжлийн түлхүүр болно. Арван жилийн дараа төлөх хоёр сая доллартай байсан бол ч… гэж бүх л жижиг дунд бизнес эрхлэгчид санааширдаг. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний санаа тэдний цээжинд байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлж, үнийг нь хямдруулбал бидэнд дэлхийд гаргах боломжтой, ядаж дотооддоо ухаалаг үнээр худалдахуйц бүтээгдэхүүнүүд гарах боломж бий. Гагцхүү технологи, мэргэжилтэн хоёр л дутмаг.
Зээл, бас дахин зээл. Түүх бидэнд “Баялагийг зээл бүтээдэг, хөгжлийг банк бүтээдэг” гэж хэлж байна. Гэхдээ бага хүүтэй, урт хугацаатай зээл…
Б.ОДСҮРЭН