Дэлхий даяар 15 жил гаруй эрэн сурвалжлагдаж байгаа Серб гаралтай Ратко Младич хэвлэлүүдийн гол “Бай” болсоор байна. Энэ хүнийг уншигч та бүхэн сайн мэдэх байх. Түүнийг Европын холбооноос “Онц ноцтой гэмт хэрэгтэн” хэмээн эрэн сурвалжилж байсан. Харин өнгөрсөн тавдугаар сард Сербийн Войводина мужийн Лазарево тосгоноос баривчилжээ.
Тэрбээр 1943 оны гуравдугаар сарын 12-нд Хорват улсын Калиновик тосгонд төрсөн. Энэ тосгон өнөөгийн Босни Герцеговин юм. Ратко Младич нь 1965-1995 оны хооронд бага даргаас эхлээд армийн командлагч хүртэл ажиллаж байжээ. Түүний амьдралын хамгийн бараан дурсамж бол 1995 онд Серебренице тосгонд алан хядсан 7500 гаруй Исламын шашинтнууд юм.
Зарим шинжээч 10 мянга гаруй ч гэдэг. Р.Младичийн хүүхэд нас ганцаардал дунд өнгөрсөн талаар хожим ээж нь хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр хүүхэд байхдаа гадаа ч гардаггүй, их зожиг байв. Гэхдээ “Том болоод мэс засалч, эсвэл цэргийн командлагч болно” хэмээн мөрөөддөг байсан аж. Хожим эрийн цээнд хүрч гэр бүлтэй болоод охиноо эгчтэйгээ хамт Белград дахь Анагаах ухааны их сургуульд суралцуулжээ. Тухайн үед түүний охин Ана эцгийнх нь гар буугаар (өвөөгийнхөө) амиа егүүтгэсэн нь түүний хувьд том цохилт болсон талаар “Риановости” мэдээлсэн. Анте Павелик тосгон руу 1945 онд нутгийн партизанууд дайрах үед эцэг нь буудуулж амь үрэгдсэн юм.
“Өнгөрсөн сард түүнийг баривчлах үед Милорад Комадич нэрээр бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан нь хожим түүнийг буруутгах өөр нэгэн нотлох баримт нэмэгдлээ” хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Мөн түүний бие маш хүнд байгаа талаар www.euronews.com сайт мэдээлсэн юм. Олон улсын шүүхээс түүнд 11 зүйл ангиар ял тулгасан бөгөөд тэрбээр нэг ч хэрэгт буруугаа хүлээлгүй ОХУ-аас өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан. Улс төр судлаачид түүнийг 1995 онд Серб улсын Ерөнхийлөгч асан Радован Каражичийн баруун гар байсан талаар онцолдог.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 оны зургадугаар сарын 11-нд Боснийн орон нутгийн телевизийнхний бүтээсэн “Өнгөрсөн 10 жил” нэртэй баримтат кино олны анхаарлыг ихэд татсан билээ. Уг киноны төгсгөл хэсгийн “60 минут” хэмээх бүлэг дээр мань эр хоёр хүүхэнтэй хамт байхыг нь олон нийтэд ил болгосон аж. Тухайн үед Сербийн эрх баригчид гайхширч “Энэ бичлэгийг 2008 онд хийсэн гэхээр ер итгэхгүй юм. Европын холбооны шүүхээс түүнийг эрэн сурвалжилж байхад Р.Младич ингээд бичлэг хийж байх гэж” хэмээн дуу алдаж байжээ. Харин түүнийг баривчилсны дараа асуудал эсрэгээрээ эргэсэн гэхэд хэлж болно. Учир нь тэрбээр олон нийтэд хандан “Би зөвхөн ард иргэд, эх орноо хамгаалсан. Надад буруу байхгүй” гэсэн нь түүнийг дэмжсэн үндсэрхэг үзэлтнүүдийг Сербийн дээд шүүхийн өмнө цуглуулжээ. Тэд “Р.Младичийн зөв. Эх орны баатрууд мандтугай” хэмээн жагссан билээ. Европын холбооноос Серб улсыг Европын холбоо өөрийн гишүүн болгох ганц л шаардлага тавьсан. Тэр нь Р.Младичийг “Эх орондоо орогнуулж байгаа” гэсэн үндэслэл юм. Хэрэв Р.Младичийн буруутайг нотлоод хорих ял оноох аваас Серб улс Европын холбооны гишүүн орон болох “Виз”-ээ олж авах боломжтой юм.
Олон улсын шүүхээс Р.Младичийн хүсэлтийг харгалзан үзэж ОХУ-аас өмгөөлөгч томилсон боловч хэд хэдэн удаа өөрчлөгдсөн талаар “Новости России” агентлаг мэдээлсэн. Харин өнгөрсөн амралтын өдөр түүнийг Олон улсын Гаагийн шүүхээс дахин дуудсан боловч өөрөө татгалзсан тул шүүх хурлыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн аж. Хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг “Олон улсын Гаагийн шүүхийн шүүгч Альфонсо Оригоос болж татгалзсан хариу хэлсэн” хэмээн үзэж байна. Ямартай ч энэ сарын дундуур ОХУ-аас өмгөөлөгч хүрэлцэн ирж, сарын сүүлчээр түүний шүүх хурал болох талаар CNN агентлаг онцолжээ. Ард түмнээ өмөөрсөн алан хядагч, хоморголон устгагч Р.Младичийг олон улсын шүүх хэрхэн шүүх нь удахгүй тодорхой болно.
"Улс төрийн тойм" сонин