Алслагдсан хорооллынхон хотын төвөөс дутахааргүй замаар зорчино

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Алслагдсан хорооллынхон хотын төвөөс дутахааргүй замаар зорчино

“Дөрвөн жилийн өмнө хотын төвийн зам ямар байсныг харъя гэвэл Толгойтод оч” гэж цахим сүлжээгээр хошигнож байсан. Харин удахгүй Толгойтын зам хотын төвийнхөөс дутахааргүй сайхан болох нь. Бүр наадмын өмнө гээч. Замыг өргөтгөн шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл газар дээр нь очиж танилцлаа. Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэнэ. Уг замыг 14 метрийн өргөн, дөрвөн эгнээ болгон шинэчлэх юм байна. Мөн 2.87 метр өргөн явган хүний зам, хоёр талаараа ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуйн замтай болгон бүрэн тоноглох нь. Наадмаас өмнө буюу долдугаар сарын 5-нд нэг урсгалыг нээхээр төлөвлөжээ. Харин арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. 1970 оны дундуур барьснаас хойш энэ чиглэлийн замд засварын ажил хийгээгүй гэдгийг мэргэжилтнүүд ярьж байв. Толгойтын замыг өргөтгөн шинэчилсний дараа Тахилтын замыг ч мөн засна гэдгийг хотын мээр иргэдэд танилцууллаа.

Яармагийнхан “янзын” замтай болов

Толгойтын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нээлт

Толгойтын замын ажил өнөөдөр дөнгөж эхлэх гэж байгаа бол шинэ замын нээлтийн ёслол Хан-Уул дүүргийн V хороо, Яармагийн гудамжинд болов. Яармагт байрлах Хаан банкны салбараас хойш гэр хорооллын дундуур тавьсан хагас км замыг дөрөвдүгээр сарын 28-нд барьж эхэлжээ. Шинэ замтай болохын тулд ойр орчмын 16 айл газар чөлөөлж, хашаагаа татжээ. Нийтийн эрх ашгийн төлөө өөрийн үл хөдлөх хөрөнгө болох газраа чөлөөлж өгсөн иргэдэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг батламж гардуулсан юм. Хэрвээ айлууд үргэжлүүлэн газраа чөлөөлж өгвөл энэ зам цааш 4.5 км үргэлжлэх боломжтой. Тэгвэл Хан-Уул дүүрэг авто замын бүрэн сүлжээтэй болох боломжтой юм байна. Ийнхүү Яармагийн иргэд хатуу хучилттай зам, цэвэр ус, дулааны инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдов. Ингэснээр шинэ орон сууцны хорооллууд ар араасаа сүндэрлэх суурь бэлэн болжээ.

ХУД 5 хороо Яармагийн Хаан банкны салбараас хойшхи 0.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Гол хоёр замыг хөндлөн холболоо

Хотын дарга Э.Бат-Үүлийн хүлээж авсан дараагийн бүтээн байгуулалт бол Зайсангийн гудамжнаас Жапан таун хүрэх 0.75 км зам. Энэ замын урт нь их биш боловч ач холбогдлын хувьд маш өндөр. Удирдлагын академийн хашаа байсан газрыг чөлөөлж ийнхүү зам барьснаар Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай хөндлөн холбож байгаа хэрэг. Ингэснээр замын хөдөлгөөний ачааллыг, тэр дундаа Энхтайваны гүүрний хөдөлгөөний эрчим нэмэгджээ. “Наранбулаг хан” компани дээрх замыг богино хугацаанд чанартай барьж өнөөдөр хүлээлгэн өгч байгаа нь энэ.

Зайсангийн гудамжнаас Жапан таун хотхон хүртэлх 0.75 км авто замыг ашиглалтад хүлээж авлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж