Манайхан Н.Энхбаяр даргын харцаар нь хөдөлдөг байсан

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Манайхан Н.Энхбаяр даргын харцаар нь хөдөлдөг байсан

Д.БАЛДАН-ОЧИР: МАНАЙХАН Н.ЭНХБАЯР ДАРГЫН ХАРЦААР НЬ
ХӨДӨЛДӨГ БАЙСАН

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед таныг Мон­гол Ардын намаас Ерөн­хий­лөгч асан Н.Энхбаярын МАХН-д элсэх УИХ-ын ги­­шүү­дийг манлайлж буй ту­хай мэдээлэл олонтаа гарах болжээ. “Д.Балдан-Очир ги­шүүн МАХН-д элсэх нь” гээд л?

-Хариуцлагатайгаар хэ­лэ­­хэд, тийм зүйл огтхон ч байх­­­гүй. Энэ бол цуу үг. На­майг 26 настай эвлэлийн гишүүн байхад манай нам ит­гэл хүлээлгэж, БНМАУ-ын Ардын их хурлын депутатаар сонгож байсан. Би тэндээсээ Мон­голын анхны байнгын ажил­лагаатай Улсын Бага хур­лын 50 гишүүний нэг болж бай­лаа. Тэр цагаас хойш би одоо­гийн Ардын намтай, хууч­­наар Монгол ардын хувьс­галт намтай цаг ямагт хамт байж ирсэн хүн. Миний амь амьдрал, өөдлөн дэвшиж байгаа цаг хугацаа бүхэн минь энэ намтай холбоотой.

-Тэгвэл таны хувьд одоо­гийн Ар­дын намыг “Тухайн үед сонгож байсан Монгол Ар­дын хувьсгалт нам мөн” гэдгийг ямар үндэслэлээр тайл­барлах вэ. Итгэл үнэм­шилд бас учир утга гэж байх ёстой шүү дээ?

-Монгол Улсын XX зууны түү­хийг бичиж, улс шиг улс болгож, иргэ­дийг нь иргэн шиг иргэн болгосон түүхэн гавьяа яалт ч үгүй Ардын на­мын гавьяа. Манай нам XXI зуунд ч улс орныг хөгжүүлэх, сайн сайхан ирээдүй рүү чиглүүлэх тэр үйлст манлайлагч нь байж чадна гэдэгт би хувьдаа итгэдэг. Энэ бол хуучнаар Монгол ардын хувьсгалт нам буюу Ардын намын суурь мөн чанар нь. Би XX их хурлаас хойш энэ намтай хамт явахдаа энэ мөн чанар, үзэл баримтлалд нь үнэнч байж, манлайлах чадварт нь итгэж ирсэн.

-Гэхдээ таныг энэ оны нэгдү­гээр сараас эхлэн “Дөрвийн бүлэг” гэгч эсэргүүчүүдийн “арми”-ийн ги­шүүн болсон тухай мэдээлэл олон­таа гарч байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өмгөөлж хамгаа­лахдаа намынхаа удирдлага руу хатуу үгтэй захидал чулуудсан гээд л?

-Манай нам асар их ардчилалтай нам. Тэр захидал бол манай намд дотоод ардчилал, гишүүдэд нь хувь хүний эрх чөлөөгөө эдлэх бо­ломж байдаг гэдгийн  илэрхийлэл болсон. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл асуудлыг дэвэр­гэж, өөрсдийн ашиг сонирхлын үүд­нээс буруу зөрүү нэр хаяг өгч, дүгнэлт хийх маягаар хурцатгаж бай­гаа болохоос бус бодит амьдрал дээр захидал бичээд л бүлгээсээ гардаг, намаасаа татгалздаг, итгэл үнэмшлээ үгүйсгэдэг жишиг гэж байхгүй шүү дээ. Харин ч бүр 1990-ээд оны үед дэлхийн улс орнууд зүүний үзлээс татгалзаж байхад манай намын ги­шүүд намдаа үнэнч үлдсэн. Тэр үед манай намын гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, үзэл бодлоо нээлттэй ярилцдаг байсан. Би тэдний дунд өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд суралцсан хүн. Манай намын удирдлага ч асуудлыг энэ байр сууринаас л авч үзсэн. Түүнээс бус тэд биднийг бу­руут­гаад л, бид намаа орхиж явах гээд байсан зүйл огтхон ч байхгүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбая­рын “Бид МАХН-ыг дахин бай­гууллаа” хэмээх мэдэгдэл чамгүй олон хүний талархал хүлээж байж болох юм. Таны хувьд “Н.Энх­баярын нам 90 жилийн түүхтэй Мон­гол ар­дын хувьсгалт нам буюу Ардын нам биш шүү” гэж хэлж чадах уу?

-Нам өөрөө амьд организм. Сая шинээр бүртгэгдсэн МАХН бол манай нам биш. Энэ нам бол шинэ нам. Одоогийн байдлаар хамгийн отгон улс төрийн хүчин гэж би харж байгаа.

-Яг хаанаас нь харахаас их зүйл шалтгаална байх. Н.Энхбаяр гэдэг хүнийг харсан олон хүн “Өө, хуучин МАХН” гэж болох юм шүү дээ?

-Зүгээр өнгөн талаас нь Н.Энхбаярыг хараад тэгж хэлэхийг үгүйсгэх аргагүй. Манай намыг 10-аад жил удирдсан болохоор яалт ч үгүй. Гэхдээ өнөөдөр манай нам хуучин нэрээ сэргээлээ гээд гарсан, явсан эгэл жирийн гишүүн алга байна. Намын шинэчилсэн бүртгэлээс харахад 180 гаруй мянган гишүүн үнэмлэхээ гардаж авсан байсан. Энэ бол өөрийн тань асуугаад байгаа “Хуучин МАХН бол одоогийн Ардын нам мөн” гэдгийн баталгаа. Үүнээс илүү том баталгаа гэж байхгүй байх. Мөн манай намын хамтарч байгуулсан Засгийн газар гэж байна. Ардын нам УИХ-д олонхи хэвээрээ байна. Хуучин, шинэ намын ялгааг энэ мэтээр дурьдвал хангалттай олон бодит ялгаа бий л дээ.

-Гол нь “Ардын намын хэсэг бүлэг гишүүд Д.Балдан-Очир гишүүний өрөөнд хуралдаж, Н.Энхбаярыг дагасан нь дээр юм биш үү” гэж ярилцсан тухай мэдээлэл олон нийтэд бас их эргэлзээ төрүүлсэн байж болох юм?

-Э.Мөнх-Очир гишүүн  тойрогтоо ажиллаад ирэхдээ Могодын айраг авчирсан. Түүнийг нь манай өрөөнд хэдэн гишүүн уух үед сэтгүүлчид хаалгаар шагайгаад өнгөрч байсан. Тэгээд л маргааш нь “Нэр бүхий гишүүд Балдан-Очир гишүүний өрөөнд намаасаа гарахаар ярилцав” гээд биччихсэн байна лээ. 

-Хэвлэлийнхний хардлагын сэжүүр нь “Намынхаа хуучин нэрээр улс төр хийх нь бидэнд ашигтай” гэх дүгнэлт байсан?

-Энэ бол үнэхээр утгагүй хэрэг. Ардын нам бол институцийн хэмжээнд хөгжсөн, буурь суурь суусан улс төрийн хүчин. Ийм намыг орхиж шинэ нам руу явна гэдэг бол өнгөцхөн бодолтой хүний л хийх алхам байх. Ёстой нөгөө “Дэвж явдаг дэнгийн эрвээхэй шиг” гэдэгтэй л адил зүйл болно.

-Тэгэхээр таныг ирээдүйд “Ардын намтайгаа цуг” гэж ойлгож болох уу?

-Би хэзээ ч өөр сонголт хийхгүй. Харин ч УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө орон нутагт шинэчлэлийн хөтөлбөрөө танилцуулж, намынхаа гишүүдэд намынхаа ирээдүйн зорилгыг сурталчилж, улс орныхоо хөгжлийн концепцийг хэрхэн тодор­хойлж байгаагаа ард иргэддээ сайтар таниулж, мэдүүлээсэй гэж хүсч байгаа. Үүний төлөө ч өөрийнхөө хийж чадах зүйлийг хийнэ. Ер нь ч тэгээд манай намын гишүүд Н.Энх­баяр даргын үед л үг дуугүй, харцаар нь хөдөлдөг байсан байх. Тэр үед бүгдээрээ л нөгөө хэлгүй Короля гэдэг шиг болчихсон байсныг бид мэднэ. Ард түмэн ч манай намын гишүүдийг “Хэлгүй Короля” гэж дүгнэдэг байсан биз дээ. Одоо бол тийм биш шүү дээ. Бидэнд байр сууриа илэрхийлж, санаа бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байгаа.

-Үндсэн хуулийн Цэцээс “МАХН гэдэг нэр бол Ардын намын өмч” гэж үзсэн. Гэтэл улсын Дээд шүүх “МАХН гэсэн нам байж болно” гэх шийдвэр гаргасан. Энэ нь эргээд асуудлыг ойлгомжгүй байдал руу түлхэх шиг болсон?

-Энэ талаар бүлэг тусгайлан хуралдаж, асуудлыг хэлэлцэх шаардлага байгаа. Миний хувьд, “МАХН гэдэг нэрийг Монгол Ардын намын өмч хэвээрээ” л гэж бодож байна. Манай намын том хуульчид ч тэгж л үзэж байгаа. Ер нь манай улсын хувьд шүүх засаглал хараат байдалд ажиллаж буй гэдэг нь нууц биш. Ерөнхийлөгчөөс эхлээд л шүүх засаглалыг хараат бус болгох шинэчлэлийн тухай яриад эхэллээ. Шүүхийг томилох томилгоо улс төрөөс хараат байгаа учраас асуудлыг шууд тийм, ийм гэж үзэхэд хэцүү байна. Ямар ч байсан энэ талаар тусгайлан хэлэлцэнэ. Юун түрүүнд шүүхийн хараат бус байдлыг бид томоохон шинэчлэл хийж баталгаажуулах хэрэгтэй гэдгийг энэ удаагийн шийдвэр баталж өгөх шиг боллоо.

-Ямар ч байсан “МАХН руу явах нь” гэх хардлагын эхэнд нэрээ бичүүлэх болсон таны хувьд сонголт хэвээр үлдэх нь бололтой. Тийм үү?

-Хамгийн идэвхтэй амьдрал, өөрийн хийж бүтээх бүх хүч чадал, сэтгэл зүрх, итгэл үнэмшлээ энэ намын төлөө зориулж, энэ намтай хамт хөгжиж дэвшиж явчихаад хаяад явдаг тэнэг толгой гэж байхгүй л байх. Би лав тэр хүн нь биш.

-Гэхдээ улстөрчдөд итгэхэд их хэцүү шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд л Ардчилсан намынхан “Ардын намын саналыг дэмжиж байна. Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв” гэж мэдэгдчихээд хоёр өдрийн дараа “Бид саналаасаа буцлаа” хэмээн гэдийлээ шүү дээ. Танай намын хувьд ч тэр “Зөвшилцөхөд бэлэн” гэж байснаа одоо болохоор “Зөвшилцөл гацлаа” гэж мэдээлж байна билээ?

-Тийм ээ. Бид бүгдээрээ л өн­гөрсөн долоо хоногийн баасан гарагт “Ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдэхээр болчихлоо. Са­на­­лаа нэгтгэж чадлаа” гээд  баяртай байсан. Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагт гэнэт “Бид ард нийтийн санал асуулга явуулах хэрэггүй гэж үзлээ” гэж мэдэгдсэн. Уг нь өнгөрсөн хагас, бүтэн сайнд хоёр намын бүлгээс ажлын хэсэг гаргаж, бид нар бүгдээрээ л саналаа боловсруулан ажилласан. Гэсэн ч Ардчилсан намын байр суурь гэнэт өөрчлөгдсөн. Ингэснээр зөвшилцөл ерөнхийдөө гацаанд орчихоод байна.

-Тэдний хувьд санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай хамт явуулах хэрэгтэй. Гэхдээ “Үндсэн хуулийн асуудлаар” гэж тодотгосон байгаа?

-Хоёр намын бүлэг энэ талаар байр сууриа нэгтгэхдээ “Дандаа асуудлыг эндээ шийдэж байхаар ард түмнийхээ саналыг сонсох нь зөв юм байна. Шийдвэрийг бид бус, ард түмэн гаргах хэрэгтэй” гэдэг дээр санал нэгдсэн. Тэгээд ч олон нийтийн дунд улс төрийн намын нэр хүнд асар их унаж байна. Бид үүнийг сэргээх ёстой. Улс төрийн нам гэдэг ард түмний дунд нэр хүндтэй байж, тэдний хүсэл сонирхлыг сонсч, илэрхийлж, хамгаалж чаддаг байх ёстой. Түүнээс бус “Бид л УИХ-ын гишүүн” гээд бүх асуудлыг энд шийдээд байж болохгүй. Тэгээд ч Үндсэн хуульд шинэчлэл хийх цаг болсон. Анзаараад бай­хад өнгөрсөн хугацаанд  20 жи­лийн давтамжтайгаар тодорхой хэм­жээ­ний өөрчлөлт оруулж ирсэн байдаг юм билээ. Энэ утгаараа УИХ-ын 2012 оны сонгууль болохоос өмнө ард түмнийхээ үгийг сонсч, шийд­вэрийг нь дагахад буруу зүйл байхгүй шүү дээ.
 
-Гэхдээ заавал ард нийтийн санал асуулга гэж хүчлэхгүйгээр аль, аль нь сонгуулийн тогтол­цооны хувилбарыг нааштай тал руу нь эргүүлж болдоггүй юм уу. Танайх гэхэд 52:24 гэсэн мажоритари давамгайлсан хо­ли­мог тогтолцоогоо жаахан зөөл­рүүлэхэд юу нь болохгүй гэж?

-Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Тархай бутархай хүн амтай. Ийм улсад мажоритари тогтолцооны элемент байснаар тусгаар тогтнолоо хамгаалж, орон нутаг хоорондын хөгжлийг хооронд нь уяж, тухайн бүс нутагт төрийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Мажоритари тогтолцооны давуу тал нь энэ. Харин шууд мажо­ритариас пропорциональ руу шил­жинэ гэвэл бид асар их эрсдлийг үүрэх хэрэгтэй болно. Гэхдээ үүнийг дан ганц намын эрх ашиг гэж харж болохгүй. Улс орны эрх ашигтай холбоотой зүйл. Тэгээд ч тухайн сонгогч хэнийг сонгож байгаагаа мэ­дэхгүй санал өгч, төрийн төлөөллөө сонгоно гэдэг бол маш бүрхэг, итгэл найдваргүй сонголт болно шүү дээ. Ядаж л “Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр” гэж үг байдаг биз дээ.

-Гэхдээ зөвшилцөл гацах тусам төрийн ажил цалгардаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө биз дээ. Энэ тохиолдолд гарцыг нь та хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ дахь хоёр намын бүлэг ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх алхам хийгээд хангалттай цаг боллоо. Одоо ажлын хэсгээр дамжуулж асуудлыг шийдэж чаддаггүй юм бол намын удирдлагуудыг уулзаж ярилцах хэрэгтэй болов уу гэсэн бодол байна. Энэ тохиолдолд асуудал арай л нааштай хурдан шийдэгдэх болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж