“Тавантолгой” ХК-ийн хувьцааг задалж зарах шийдвэрийг өнгөрсөн пүрэв гаригт гаргасан хэдий ч арилжааг зогсоох шийдвэр өчигдөр гарсан байна. Үүнийг дотоодын мэдээлэл ашиглан, хөрөнгийн захад өндөр ашигтай ажиллах боломж олгосон хэрэг гэж үзэх хүмүүс байна. Аливаа нэгэн хувьцааг задалж зарахад тухайн хувьцааны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Тиймдээ ч задлах сургаар нь дотоод мэдээлэл ашигласан хүмүүс их хэмжээний хувьцаа худалдан авч, энэ захад шударга бус оролцох тохиолдол гардаг аж. Юутай ч өнгөрсөн даваа гаригийн арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн 500 ширхэг хувьцааг 730 000-760 000 мянган төгрөгөөр худалдаж авсан арилжаа хийгдсэн бол хувьцааны арилжааг өчигдөр зогсоогоод байна. Харин хувьцааны арилжааг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
“Тавантолгой” ХК-ийн хувьцааг задалж арилжаална
Ийм шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2011-6-30-нд/ гаргажээ. Жижиг гэх тодотголтой “Тавантолгой” ХК-ийн хувьцаа цөөн ширхэгтэйн дээр өндөр үнэтэй байдаг учраас хувьцааг эргэлтэд оруулахад хүндрэлтэй байдаг байна. Тодруулбал, нэг ширхэг нь 1,4 сая төгрөг хүрч байсан тус хувьцааны сүүлийн үеийн ханш 740 орчим мянган төгрөг байв. Тиймээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс компанийнхан 526 мянган ширхэг энгийн хувьцаагаа 1:100 гэсэн харьцаатайгаар задлах хүсэлт гаргасныг СЗХ ийнхүү зөвшөөрчээ.
Б.СҮРЭН