Долоон зууны тэртээх дипломат харилцаатай Монгол, Иран улсын хамтын түүхийг өгүүлэх “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр /2016.06.03/ нээлтээ хийлээ.
Түүхэн үзэсгэлэн Монгол, Иран улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулахаас гадна Иран улсад Монголын Ил хаант улс Ираны нутагт байгуулагдсны 700 жилийн ой тохиож байгааг хоёр орны төлөөлөгчид дурдаж байв.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдээс Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн манихейн шашны зан үйлийг дүрсэлсэн, хүрэн ягаан өнгийн хатгамалуудыг мэргэжилтнүүд онцолж байв. Энэхүү өвөрмөц хийцтэй хатгамлыг Монголын Ноён уулын булшнаас 2006-2009 онд Орос, Монголын хамтарсан археологийн судалгааны ажлаар малтан илрүүлсэн байна. Энэ нь Дундад Азийн өмнөд хэсэг болох Кушаны соёлын 1924-1925 онд хамаарагдах нэхмэл аравч, хивснүүд ажээ.
Эдгээр нэхмэл хивсэн дээр хаан ширээнд заларч буй эзэн, морьтон дайчид зэрэг домог агуулсан сонирхолтой дүрслэлтэй бөгөөд дүрслэгдэж буй хүмүүсийн үс, толгойн өмсгөлийн хэлбэр, төрх, хувцас хунар нь НТ I-II зуунд амьдарч байсан Кушаны соёлын хүмүүсийн амьдралыг харуулсан байна.
Мөн Ил хаадын үеийн Өлзийт хаан, Абу Саийд хаан, Гайхату хаадын гарын үсэгтэй гурван том зарлигийг байрлуулжээ. Мөн Ил хаадын үеийн Монгол найман хаадын зургийг нийтэд сонирхуулсан нь ихэд анхаарал татаж байлаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МУ-ын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Гантулгад хоёр орны хамтын түүхийг өгүүлэх 2200 гаруй түүхийн баримт материалыг агуулсан бичлэгийг Лалын Бүгд найрамдах Ирэн улсын Гадаад хэргийн дэд сайд Э.Рахимпур гардуулан өгсөн юм.
Тус үзэсгэлэнд хувийн цуглуулгаа танилцуулж буй О.Нямдаваа “Ил хаадын үеийн хаадын хэрэглэж байсан бүс, сэлэм зэсэн аяга, таваг зэрэг өөрийн цуглуулгаас дэлгэж байна. Мөн Ил хаадын үеийн зарлиг болон Ил хаант улсад бүтээгдсэн “Судрын чуулган”-ыг нийтэд танилцуулж байна” хэмээн тайлбарлалаа.
Энэ удаагийн үзэсгэлэн монголд гарч буй хоёр дахь том хэмжээний үзэсгэлэн бөгөөд таван сарын өмнө Төрийн түүхийн музейд энэхүү түүхэн үзэсгэлэнг танилцуулж байжээ.