УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа холимог тогтолцоог халж, 76 тойргоор сонгуулийг зохион байгуулахаар заасан ч цөөн хэдэн аймгийг нэг мандаттай үлдээсэн нь Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр аймаг юм. Дээрх аймгуудад хэн, хэн өрсөлдөхийг тоймлоё.
О.Амгаланбаатар, Ш.Раднаасэд хоёрын хэн нь бэ?
Говь-Алтай час улаан тойрог гэж тодорхойлж болно. Сонгууль бүрт Ардчилсан намаас “сойсон” нэр дэвшигч унаж, МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж иржээ.
УИХ-аар өнгөрсөн тавдугаар сард тойргийн дахин хуваарилалт хийх үед “Говь-Алтайн иргэдийг ялгаварлан гадуурхаж нэг мандат оноолоо” гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн ч тэгсхийгээд намжсан.
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт Ардчилсан нам Засаг дарга О.Амгаланбаатарыг нэр дэвшүүллээ. Эрх баригч хүчин хоёр ч аймгийн Засаг даргыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэх таамгийг хэвлэлүүд урьдчилан дэвшүүлсэн нь ийн биеллээ олсон юм. О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар сонгогдсон даруйдаа төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх хэл аманд орж явсан бол дараа нь аймгийнхаа 90 жилийн ойд зөвхөн нутгийн уугуул бөхчүүдийг барилдуулах тухай шийдвэр гаргаж, наадамчин олны амны зугаа болж байв.
Засаг даргаар ажилласан энэ хугацаанд шийдсэн гол ажил нь усны асуудал юм.
Засаг дарга О.Амгаланбаатартай халз үзэлцэх нэр дэвшигч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд. Авлигатай тэмцэх газарт байсан Ш.Раднаасэдийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа улс төр лүү “чирч” оруулж ирсэн түүх бий. Гэхдээ нам хоёр хуваагдан тасрахад Ардын намд үлджээ.
2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж цөөнх болоход тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажилласан байна. Дараа нь Засгийн газарт хамтрангуут Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Говь-Алтайд гурван жил дараалан ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг “жийж” өрсөлдөх эрхийг намаасаа авснаараа ялагдах эрхгүй сонгуулийн өмнө ирээд байна.
2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн МАХН МАН-аас ямагт санал хуваалцаж ирсэн. Энэ жишгээрээ МАХН Бүргэдаа гэх нэр дэвшигчийг сойжээ.
Г.Ганбаатар уу, Г.Мөнхцэцэг үү?
УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Дорноговь, Говьсүмбэр аймгийн нэгтгэн нэг тойрог болгож, мандатын тоог нь хоёроор тогтоосон юм.
Ингэснээр УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас Г.Ганбаатар, МАН-аас Г.Мөнхцэцэгийг нэр дэвшүүллээ. Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сумдын сонгогчдоос хамгийн өндөр санал авсан нь сонгогдоно.
Г.Ганбаатарыг улс төрд цоо шинэ хүн гэж тодорхойлж болох аж. Гэхдээ багийн Засаг даргаас Айраг сумын Засаг дарга, 2008 оноос Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж иржээ. Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны даргаар ч мөн ажиллаж байсан аж. Бизнес ч бас хөөж байсан гэж нутгийнхан нь тодотголоо.
Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд нь 76 нэр дэвшигчийнхээ 16-г нь эмэгтэй нэр дэвшигчээр бүрдүүлэх ёстой. Хуульд заасан энэхүү 20 хувийн квотыг барьж МАН Монголын Зохиолчдын эвлэлийн дарга Г.Мөнхцэцэгийг уг тойрогт “сойгоод” байна. Найрагч бүсгүйн саналаас хуваалцах нэр дэвшигч нь МАХН-аас өрсөлдөх Д.Батдэлгэр юм.
Гэхдээ нэр дэвшигчийн хэнд нь итгэл үзүүлж, УИХ-д сонгох вэ гэдэг нь сонгогчдын сонголтоос шалтгаална.
З.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан хоёрын хэн нь бэ?
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Дорноговьд Ардчилсан нам Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэлийг, МАН “Дорнын говь” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайханыг тус, тус нэр дэвшүүлжээ. З.Алтангэрэл нь Дорноговь аймгийн уугуул. Данзанравжаагийн музейг байгуулах санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон нэгэн аж. Нутгийнхан нь түүнийг “Догшин хутагтыг судлаач” гэж тодотгодог байна. Өвөө Г.Түдэвийнх нь хамгаалж ирсэн ноён хутагт Данзанравжаагийн эд өлгийн зүйл нь З.Алтангэрэлийг музей байгуулах сэдэл өгч, байгуулсан нь гадна, дотноос зочлон очсон жуулчдад үзүүлж харуулах бүтээлтэй болгожээ. Гэвч Ардчилсан нам “Тахилч” нэр дэвшүүллээ гэдэг шүүмжлэлд өртөж байна.
“Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайханыг сүүлийн хэдэн жилд аймагтаа амьдарч, бизнесийн гэхээсээ намынхаа ажилд илүүтэй санаа тавьж ажиллажээ.
Хятадын хөрөнгө оруулагчидтай нийлж “Болд төмөр ерөө гол” компанийг байгуулан ажиллаж, бизнесийн салбарт одтой явжээ. Гэхдээ татвараас зугтсан байж болзошгүй гэх үндэслэлээр хуулийнханд саатуулагдаж байсан удаатай аж. Сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж Сайншанд хотод нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг бариулсан гэдэг мэдээлэл ч байна. Хамгийн сүүлд нэгэн дуулианд нэр холбогдсон нь оффшор данс нээлгэсэн байсан тухай юм. Гэхдээ бизнесээ цэвэр хийж, түүнээс олсон орлогоо оффшорт хийсэн бол өөрийнх нь хөрөнгө учраас түүнийг буруутгах аргагүй.
З.Алтангэрэл, Б.Дэлгэрсайхан нарын санал цуглуулах сум нь Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд юм байна.