Өлзийгийн галерей: Юүдэн дотор

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Юүдэн дотор

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=9

ЮҮДЭН ДОТОР

Зураач гудамжинд явж байгаад уранхай, хуучин цамц олж л дээ. Түүнийгээ удаан ажигласны эцэст нэгээхэн хэсгийг нь салгаж аваад ядуу зүдүү нэгний, бүгдэд хаягдсан, гунигтай амьдралыг бэлгэдсэн уран бүтээл туурвисан нь энэ. Зургийн нэр ЮҮДЭН ДОТОР. Энэ үгэнд их учир бий. Америкийн хар арьстнуудын хороололд дээрх үг олонтаа сонсогддог гэнэ. Энэ нь хошин маягаар хэлэгдэж буй, ёгт хэллэг аж. Гэр оронгүй америкчууд гудамжны булан тохойд, ил задгай газар унтаж орхидгийг бид киноноос бишгүй үзсэн. Тэд ийн хоноглохдоо цамцныхаа юүдэнг өмсөж нүүрээ халхалдаг. Монгол дээлийг хувцас болгон өмсөж, хөнжил болгон нөмөрч, эвхэж тавиад дэр ч болгочихдог. Үүнтэй адил юүдэнтэй цамц бол олон талын ач холбогдолтой хувцас, ядуусын хувьд гэр орон нь шахуу юм санж. Мөн, бяцхан тохь тухыг бэлэглэгч, тэднийг “таних тэмдэг” ч болдог гэх. Тэнэмэл хүмүүс тааралдахаараа “За, хаана байна даа? -Юүдэн дотор оо!” гэж ярилцдаг аж.

“Энэхүү бүтээл хөнгөн хошигнолын зэрэгцээ нийгмийн хурц асуудлыг хөндсөнөөрөө үнэ цэнэтэй” гэж судлаач бичсэн байна. Зураач нь өөрөө Нью-Йоркийн харуудын хорооллоос гаралтай бөгөөд уран бүтээлийн сэдэв нь ямагт “цагаан биш” хүмүүсийн тухай л байдаг. Түүний бүтээлд дэлхийн урлагийн аль нэг цаг үе, ямар нэг хэлбэр, тодорхой уламжлалаас илүүтэй гудамжны хэллэг, хар яриа, жааз хөгжим, сагсан бөмбөг, харуудын яруу найраг нөлөөлсөн гэх. Үндсэрхэг энэ эр “Харь арьстнуудын далбаа” гээчийг зурж, бүр төсөл өргөн барьж шуугиан дэгдээсэн удаатай. Бас гудамжинд зогсоод цасан бөмбөг худалдаж (өөрөө хэрхэн зарж зогсоог зургаас харна уу, маш алдартай уран бүтээлч шүү дээ!), зааны баасаар хийсэн өвөрмөц бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож ч байсан. Гэхдээ зарим ажил нь маш тансаг, эм хүний гараар бүтээгдсэн мэт нандин, гоёмсог билээ. “ЮҮДЭН ДОТОР”-ыг кураторууд хэдий “хөнгөн хошигнол” гэж тайлбарласан ч надад бол их л гунигтай сэтгэгдэл төрүүлдэг. Зураачийн нэр Дэйвид Хамонс.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ


ӨМНӨХ БИЧЛЭГҮҮДИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ

ӨГ-1: АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР…

ӨГ-2: МАХ БА ДААШИНЗ

ӨГ-3: СТАЛИН ЛЕНИН РҮҮ ХАРЖ БАЙНА

ӨГ-4: НҮҮР ЦАРАЙГҮЙ ЗУРААЧ

Ө+Г=ӨГ 5: МИНИЙ АСРАГЧ ЭХ

Ө+Г=ӨГ 6: ХӨХ ӨНГӨ БА ГАДИЛ ЖИМС

Ө+Г=ӨГ 7: ЗҮҮДНИЙ ЗУРААЧ

ӨГ=8: ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ХОС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж