Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 250 орчим тамирчин оролцож байна. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран явуулж байгаа юм.
Өчигдөр тэмцээний нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. 11 дэх удаагийн тэмцээн Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрлөөр ганцаарчилсан, хос, багийн төрлүүдэд аваргуудаа тодруулна. Тэмцээний урьдчилсан шатны харваанууд өнөөдөр, маргааш болно. Харин алт болон хүрэл медалийн төлөөх харвааг Чингисийн талбайд ням гаригт хийхээр болжээ.
Монголчууд бид эртнээс сур харваагаар хичээллэн, өрсөлдөж, энэ спорт нь эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирсэн эртний түүхийн уламжлалтай. Үндэсний сурын спорт дээр тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна. Монгол улсаас олимпийн спортын энэ төрлөөс 1971 онд анх удаагаа эмэгтэй харваач Д.Дэмбэрэл Английн Лондон хотноо 30 метрийн харваанд “дэлхийн аварга”гэсэн цолыг энэ спортын төрлөөс хүртсэн түүх бий. Түүнчлэн 2008 оны Бээжингийн Пара олимпийн их наадамд Д.Баатаржав анхны аварга тамирчин болсон.
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР