Айлын цэцэрлэгийн арын булангийн хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Айлын цэцэрлэгийн арын булангийн хүүхдүүд

Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд болгон сурч боловсрох эрхтэй гэсэн нэг заалт бий. Эцэг хуулийн энэ заалт амьдралд хэр нийцдаг вэ. Энэ асуултад хариулахаар Монголдоо ганцхан байдаг тархины саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийг зорилоо. Сүүлийн үед агаар, хөрсний бохирдол, хоол хүнсний хэрэглээнээс болж эхээс тархины саажилттай болсон хүүхдийн тоо нэмэгдэх болсон байна.

Тархины саажилт, дауны синдромтой бяцхан хүүхдүүдийг эмчилж, сувилж, хүмүүжүүлдэг сувиллын цэцэрлэг улсын хэмжээнд ганцхан бий. Тэр бол сувиллын 10-р цогцолбор цэцэрлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цорын ганц улсын цэцэрлэг гэж хэлж болно. Тус цэцэрлэгт тархины саажилт болон дауны синдром, хавсарсан бэрхшээлтэй 2-6 насны 120 гаруй хүүхэд хүмүүжиж, эмчлүүлдэг ажээ. Сүүлийн үед яаралтай эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай ой хүрээгүй хүүхдүүд ч ирэх болсны тус цэцэрлэгийн багш нар ярьж байлаа.

Гэтэл энэ цэцэрлэгийн байрыг одоогоос хоёр жил гаруйн өмнө акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон юм. Өөрөөр хэлбэл, шинэ цэцэрлэг барих хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг өөр цэцэрлэг рүү нүүлгэсэн билээ. Гэтэл цаг тутам асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардаж байдаг өнөөх бяцхан жаалууд маань өнөөдрийг хүртэл “айлын” цэцэрлэгийн арын булангийн өрөөнд хүмүүжиж байна.

Одоогоос гурван жилийн өмнө сувиллын цэцэрлэгийнхэн 2 давхар дүнхийсэн сайхан байшинд үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл нэг л өдөр барилга нь нурах аюултай, цаашид ашиглагдах боломжгүй гэсэн шалтгаанаар актлагдсан. Тиймдээ ч хуучин байрыг нь нурааж шинээр цэцэрлэг барьж өгөх юм болсон гэнэ. Шинэхэн байрных нь гадна дотно тохижилт, зураг төсөв гээд хамаг л юмыг нь гаргаж тухайн үедээ хөөрцөглүүлчихээд хоёр жил болоход хуучин байшиг нь ч нураалгүй өнөөдөртэй золгожээ. Цэцэрлэгийнхэн аль хоёр жилийн өмнө барилгынхаа асуудлыг шийдүүлэхээр БШУЯ, НЗДТГ, Эдийн засгийн хөгжлийн яаманд хандахад “Концессын гэрээнд орсон” гэх үгээр амыг нь тагласаар ирсэн юм. Одоо тэд “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын хэдхэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

Хаалга үүдийг нь хайж, нэлээн эрэл сурал болсны эцэст Өнөр бүл цэцэрлэгийн зүүн хойд бөөрөнд “Сувиллын 10-р цогцолбор цэцэрлэг” гэсэн хаяг харагдах аж. Хүүхдийн чангаар уйлах чимээгээр сувиллын цэцэрлэгийнхэн биднийг угтлаа. Нийгмийн ажилтны тайлбарласнаар тархины саажилттай хүүхдүүдэд эмч нар нь өдөр бүр хөдөлгөөн зааж, эмчилгээ хийдэг гэнэ. Нийгмийн ажилтан С.Энхбатын хэлж байгаагаар бол тэд энэ жил харин ч тохижоод арай аятайхан болсон гэнэ. Гол нь иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй нялх хүүхдийн нөхөн сэргээлт, эмчилгээг тасалдуулахгүй, эрт хийх учиртай. Иймээс л нөхцөл байдал тааруу ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа гэдгийг сувиллын цэцэрлэгийнхэн учирлаж байсан юм.

Одоогоос хоёр жилийн өмнө энэ сувиллын цэцэрлэгийн ажлыг концессын гэрээнд маргаангүй оруулсан байгаа юм. 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нурааж, оронд нь шинээр босгохоор шийдвэрлэсэн. 2015 он гэхэд цэцэрлэгийнхэн аль хэдийн шинэхэн байрандаа орно гэж тооцоолжээ. Тухайн үеийн асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан. Гэтэл одоо цэцэрлэгийн байр ч үгүй, нөгөө хариуцах Эдийн засгийн хөгжлийн яам ч үгүй болжээ. 

Ийнхүү тархины саа, дауны синдромтой 120 гаруй бяцхан үрс “Концессын гэрээ”-нд багтсан гэх цэцэрлэгийнхээ шинэхэн байрыг хүлээн гурван өрөөндөө чихэлдэнхэн өсч торнисоор л байна.

Сувиллын цэцэрлэг, яслийн 10-дугаар цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбаттай ярилцлаа.

-Танай цэцэрлэгт ямар хүүхдүүд ихэвчлэн хамрагддаг вэ .Хичнээн хүүхэд танай цэцэрлэгт явж байна?

-Одоогоор 120 хүүхдийн орон тоотой, 6 бүлэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын стандартаар бол нэг ангид 8 хүүхэд суралцах ёстой юм. Манайд өнөөдөр 21 багш, 3 хөдөлгөөн засалч, 3 ахуй засалч, 2 хэл засалч ажиллаж байна. Нэг хөдөлгөөн засалчид 40 хүүхэд ноогдож байна. Гэтэл хүүхэд болгон өдөр бүр хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдах байтал долоо хоногт 2 засалч -3 удаа хамрагдаж байна.

-Шинэ цэцэрлэг чинь хэзээ ашиглалтад орох юм бэ?

-Хүүхдийн сэргээн засах төв удахгүй 10-р цогцолборын хуучин барилгын оронд баригдах гэж байгаа. Энэхүү төв нь ашиглалтанд орвол бид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үйл ажиллагааг олон улсын түвшинд гүйцэтгэх боломжтой болно гэж итгэж байна. Энд мөн хүүхдийг бүхий л талаар хөгжүүлэх бүх төрлийн үйл ажиллагаа явагдана. 

-Бэрхшээлтэй асуудлууд нь юу байна вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ сэргээн засах эмчилгээнд их хожуу хамруулдаг. Учир нь тэд хүүхдийнхээ эмгэгийн талаар зөв ойлголтгүйгээс болоод янз бүрийн хүмүүст (төлөгч, илээч бариач, бөө гм) хандаж, хугацаа их алддаг. Сэргээн засах эмчилгээнд хэдий чинээ эрт хамруулна төдий чинээ үр дүн нь сайн байдаг. Эмчилгээний үр дүнд эцэг эхийн оролцоо их чухал байдаг. Бүгд хамтдаа, нэг баг болон ажиллаж үр дүнд хүрдэг.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж