СЕХ-ноос Иргэний зориг, ногоон намыг бичиг баримт дутуу бүрдүүлсэн гэдгээр шалтаглан энэ оны сонгуульд оролцох боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж ИЗНН-аас шүүхэд хандсан бөгөөд Улсын дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцох эрхтэй гэсэн шийдвэрийг гаргасан талаар тус намын дарга Ц.Ганхуяг даваа гаригт хэвлэлийнхэнд мэдээл байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу СЕХ хуралдаж ИЗНН-д сонгуульд оролцох батламжийг гардуулжээ. Ингэснээр энэ удаагийн сонгуульд ИЗНН-ынхан Ардчилсан намыг дэмжих биш харин ч дангаараа сонгуульд оролцохоор болсон байна.
Хэдийгээр Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 23-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тэгвэл СЕХ-ны буруугаас болсон учраас ИЗНН өнөөдрөөс нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. Хуулийн дагуу намуудын нэр дэвшигчид энэ сарын 7-нд СЕХ-ноос батламжаа авах юм. Ийнхүү парламентын энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор болж байна. Мөн Ардчилсан намаас нэр дэвших эрхээ олж авч чадаагүй АН-ын гишүүд намаасаа гарч ИЗНН-ын нэр дээр дэвшихээр болсон гэх мэдээлэл ч байгаа юм.
Б.БАТ