Тавдугаар сарын 31-ний өдөр Энэтхэгийн засгийн газар энэ оны эхний улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн мэдээллээ дэлгэлээ. Тэдний зарласнаар энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлт яг жилийн өмнө 7.2 хувиар өссөн байсантай харьцуулахад энэ жил 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүгээрээ Энэтхэг улс дэлхийн хамгийн хурдацтай эдийн засгийн өсөлттэй улс орны байр сууриа хадгалсан хэрэг болж байна.
Харин энэ нэгдүгээр улирлын дүнг 2015 оны сүүлийн улиралтай харьцуулвал 7.9 хувиар үсрэнгүй өссөн байгаа нь олон хүнийг гайхшруулсан хэрэг болж байна. Шууд хэлэхэд энэ хэмжээний өсөлт нь эдийн засгийн шинжээчдийн бодож байснаас ч илүү хол давсан үзүүлэлт болсон юм.
Тавдугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Кенийн Найробид болсон “Азийн Ирээдүй” чуулга уулзалтын үеэр Энэтхэгийн Сангийн Сайд Арун Жайтлей хэлэхдээ: “Сайтар төлөвлөгдсөн дэд бүтцэд хөрөнгө зарах нь Энэтхэгийн хувьд эдийн засгийн маш хүчтэй хөдөлгүүр болох болно” гэжээ. Мөн тэрээр шинэ тоглогчдын эдийн засаг сайжирч буйд Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал нөлөөлснийг дурдсан байна.
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДААР НЬ ҮЗҮҮЛВЭЛ:
Энэ жилийн эхний улирлын хувьд 7 хувиас дээш өсөлт үзүүлсан салбарууд:
- санхүү, үл хөдлөх хөрөнгө, мэргэжлийн үйлдвэрлэл үйлчилгээ тус бүр 10.3 хувиар
- үйлдвэрлэлийн салбар 9.3 хувиар
- худалдаа, зочид буудал, тээвэр, харилцаа холбоо тус бүр 9 хувиар
- уул уурхай болон олборлолт 7.4 хувийн өсөлт үзүүлжээ.
Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон загасчлах аж ахуй зэрэг нь 1.2%-иар өссөн дүнтэй байгаа бол барилга бүтээн байгуулалтын салбар 3.9 хувиар өсчээ. Төрийн захиргаа, батлан хамгаалах, ус цахилгаан, хий зэрэг гэх мэт салбрууд 6.6 өсөлт үзүүлжээ.
ЭНЭТХЭГ ЦААШДАА ЯАХ ВЭ?
Эдгээр өсөлтүүдийн хариуд дэлхийд тулгарч буй хамгийн том асуулт бол Энэтхэг одоо үзүүлж буй эдийн засгийн өсөлтөө ойрын арван жилдээ хадгалж чадах уу, үгүй юу гэсэн асуулт юм. Хэрэв одоогоор Азидаа гуравдугаарт тооцогдож байгаа эдийн засгийг жолоодож буй энэ улс бүхий л хүчин чадлаараа урагшлан зүтгэвэл одоогийн Хятадын байгаа байр сууринд хүрч чадах эсэх нь хамгийн их анхаарал татаж буй юм. Өөр үгээр хэлбэл Хятад хэр зэрэг доош унаж, түүний оронд Энэтхэг очих нь уу яах нь уу гэдэгт л дэлхийн сонирхол хамгийн их хөтлөгдөж байна.
Ерөнхий Сайд Нарендра Моди сүүлийн хоёр жилд батлан хамгаалах төмөр замын салбар дахь хөрөнгө оруулалтын нөхцлийг зөөллөсөн, үйлдвэрлэлийн болон дампуурлын тухай хуулиудыг батлуулсан зэрэг хэд хэдэн шинэчлэлүүдийг Энэтхэгийн хууль эрх зүйн орчинд өрнүүлсэн юм.
Гэхдээ Н.Модигоос илүү том нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол мэдээж газрын тосны үнэ дэлхий даяар унаж, энэ нь Энэтхэг улсыг газрын тосны цэвэр импортлогч болгосон азтай ч гэмээр “тохиол” байсныг дэлхий нийт бүгд мэднэ.
ЭРСДЛҮҮДИЙГ НЬ ТООЦОЖ ҮЗВЭЛ…
Гэвч энэ мэт эерэг үзүүлэлтүүдийн хажуугаар, Энэтхэгийн эдийн засаг энэхүү өсөлтийг саатуулж болзошгүй зарим нэгэн бэрхшээлүүдтэй нүүр тулсан хэвээр байгааг мартаж болохгүй. Эдгээрийн жишээ болгож Энэтхэгийн хангалтгүй дэд бүтэц, ашиггүй аж ахуйн нэгжүүдийн хэмжээнээсээ хэтэрсэн өр шир, ажил олголт муу байгаа зэргийг нэрлэж болно.
Эдийн засагчдын хэлж буйгаар эдгээрээс илүү ноцтой эрсдэл учруулж магадгүй хамгийн том эрсдэл нь Энэтхэгийн хөдөлмөрийн зах зээлд жил болгон шинээр нийлүүлэгдэж буй 10 сая залуучууддаа хангалттай ажлын байр бэлдэж чадах эсэх “ард түмний даалгавар” юм.
Тиймээс энэ бүх эрсдэлтэй талуудыг сайтар зохион байгуулж, оновчтой арга хэмжээ авсны дараа л Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд аваачиж чадлаа гэх нөхцөл бүрдэж болох нь ээ.
Өнөөдөр Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн мэдээг сонссон хүмүүс дийлдэшгүй хүчтэй шинэ эдийн засаг дэлхийг ноёлох замналаа эхлүүлж байгаа мэтээр хүлээн авч байгаа хүмүүс их байгаа нь дамжиггүй.
Гэхдээ Энэтхэгийн энэ мэт эдийн засгийн өсөлтөд эргэлзсээр л байгаа эдийн засагчид ч тэднээс дутахгүй олон бий. Тэдний нэг болох Грэйг Ботхамын үзэж буйгаар: “Оны эхний улиралд аж үйлдвэрийн салбар тийм сайн биш боловч ерөнхийдөө эерэг үр дүнтэй гарсан. Энэ мэт 6 орчим хувийн өсөлт үзүүлсэн бусад салбрын өсөлт нь 8 хувь гэх мэт харьцангуй өндөр гарсан зарим нэгэн салбруудаасаа ч илүү найдлага тавьж болохоор, тогтвортой байх төлөв харагдаж байгаа”-г дурджээ. Энэ бол түр зуурын тоонд хууртахгүй байхыг сануулсан олон шинжээчдийн нэгэн жишээ юм.
Тиймээс дэлхий нийт Энэтхэгийн эдийн засагт итгэл хүлээлгэх үү, аль эсвэл цаашид дахин ажсаар л байх уу гэдгийг хэлэхэд тохиромжгүй үе гэх нь алтан дунджийг олсон сонголт болох юм.
Нэмж хэлэхэд, Энэтхэгийн энэ оны хоёрдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дүн ирэх наймдугаар сарын 31-ний өдөр зарлагдах юм. Тиймээс ирэх гурван сард байдал ямар байхаас хамаарч Энэтхэгийн ирээдүйг тааварлах илүү бодитой боломж бүрдэнэ хэмээн дэлхий нийтээрээ хүлээх л үлдлээ.