ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн мягмар гариг /2016.05.31/-т хуралдан, 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргажээ.
Энэхүү тогтоолд зааснаар Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог/Өвөрхангай аймаг/-т нэр дэвшсэн Ч.Даваабаяр, Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Сүрэнжав нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байна.
- СЕХ-оос МАХН-ын зарим гишүүнийг ирэх сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж аваагүй тухай туснамын дарга Н.Энхбаяр, намын гишүүн А.Тулга, Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдэд мэдээллээ. Тус намаас 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчдээс нэр бүхий хүмүүсийг бүртгээгүй байна. Тэднийг бүртгээгүй шалтгаанаа баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй гэж үзжээ.
- “Авто машингүй өдөр”-ийг ирэх бямба гаригт зохион байгуулах гэж байна. Энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хааж, эрүүл хэвшилд уриалсан спортын арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, хойшоо Хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Сансрын тунель хүртэл, урагшаа Элчингийн болон Сөүлийн гудамжуудыг хаахаар болжээ. Ингээд хаасан замд “Улаанбаатар марафон-2016” тэмцээнийг зохион байгуулна.
- Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх сард Монголд зохион байгуулна. Уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, олон улсын хоёр байгууллагын удирдлага оролцоно. АСЕМ-д хүрэлцэн ирэх өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Shangri-La/Шангри Ла/, Blue Sky/Блю скай/, Best Western Tuushin/Бэст Вестэрн прьмер туушин/ зэрэг төвийн гурван зочид буудал голлон ажиллана. АСЕМ-ын хурлын үеэр урьдчилсан байдлаар Шангри-Ла зочид буудалд 24 орны 280, Бэст Вестэрн прьмер туушин зочид буудалд 16 орны 190, Блю скай зочид буудалд 7 орны 180 гаруй албан ёсны төлөөлөгчдийн захиалга хэдийнээ оржээ.
- Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай байна. Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч залуучууд хойрго хандсанаас дархжуулалтын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийх аяныг тавдугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгожээ.
- Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.
Шалгалтаар ИНЕГ-ын долоон албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоожээ.