“Боловсрол суваг” телевиз Нидерландын “Эндемон шайн” медиа компанийн “Your face sound familiar” буюу “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж байгаа билээ. Монголдоо анхдагч уг шоуны талаар “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх продюссер Г.Ханхүүтэй ярилцлаа.
![]() |
-“Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаар үзэгчдэд хүрсэн. Шоу үзэгчдэд их хүрч байгаа санагдсан?
-Судалгаагаар үзэгчдийн 70 хувь нь үзэж байгаа гэсэн дүн гарсан. Ийм дүн гарч байгаад их баяртай байна. Мэдээж монголдоо анх удаа энэ шоуг хийж байгаа учраас хүндрэл, асуудлууд гарсан. Нийтдээ 10-хан дугаар гарах учраас энэхүү шоугаа улам чанартай болгохын тулд дугаар бүр дээр хичээн ажиллаж байна. Анх нэвтрүүлгээ 90 минут гаргана гэж тооцоолж байсан бол одоо хоёр цагаар үзэгчдэд хүрч байна.
-Хэд дэх дугаараас хоёр цаг болсон бэ?
-Хоёр дахь дугаараасаа хоёр цагаар үзэгчдэд хүрч эхэлсэн. Бид аль болох нэвтрүүлгээ хасахгүйг хичээж байгаа. Тиймээс анх зарласан 90 минутаа сунгаж хүргэх болсон.
-Энэ шоуг хийхэд хүндрэлтэй асуудлууд гарсан гэж байна. Ямар асуудал тулгарсан бэ?
-Өмнө нь энэ төрлийн шоу хийж байгаагүй учраас нүүр хувиргалт дээр асуудалтай байлаа. Оросууд уг шоуг зохион байгуулахад нүүр хувиргалтаа өөрсдөө хийж чадахгүй, Холивудаас мэргэжилтэн авч ирж байсан. Эхний дугаарууд нь амжилтгүй болж гаднаас нүүр хувиргагчид дуудаж байсан орнууд ч бий. Биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд их байна. Энэ шоуны хувиргалтыг нүүр будалтаар бус зөвхөн нүүр хувиргалтаар хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Оролцогчдын маань нүүрний хувирал тодорхой сайн гарахгүй байгаа. Яг тэр хүнийг 100 хувь дууриалгана гэдэг хэцүү л дээ. Тиймээс бид нүүр хувиргалтын асуудал дээрээ алдсан тал бий. Гэхдээ сүүлийн хоёр дугаараа илүү чанартай хийхийг зорьж байна.
-Сүүлийн хоёр дугаарыг хэрхэн хийх вэ?
-Одоо сүүлийн хоёр дугаартаа илүү ач холбогдол өгч байна. Эхний дугаарууд долоо хоногийн ням гараг бүр гарч байгаа. Сүүлийн хоёр дугаарыг шууд дамжуулж, үзэгчдэд хүргэх болно. Шууд явах учраас маш их бэлтгэл шаардлагатай байгаа. “Яг түүн шиг” шоуны ард оролцогчид, нүүр хувиргагч гээд 200 гаруй хүн ажилладаг.
-Шоуны нүүр хувиргалт дээр ямар хүмүүс ажиллаж байна?
-Нүүр хувиргалт дээр мастер н.Хосоо өөрийн багтайгаа ажиллаж байгаа. Шоугаа хийхээс өмнө судалгаа хийхэд Монголд нүүр хувиргалтын чиглэлийн мэргэжилтэн цөөхөн байсан. Тэгээд байгаа мэргэжлийн хүмүүстэй уулзаж, тохиролцсон нь энэ баг юм. Гэхдээ эдгээр нүүр хувиргагчид маань өмнө нь шоунд зориулж ажиллаж, хувиргалт хийж байгаагүй. Сүүлд “Salt make up” студийг нэмэлтээр авч, мэргэжлийн гурван баг ажиллаж байна.
-Оролцогчдыг адилхан дууриалгахгүй, аймшгийн царайтай болгож байна гэж шүүмжлэх юм?
-Анхны дугааруудад маск бүтэлгүйтэж нүүр будалтаар хувиргалт хийсэн. Үзэгчид маань оролцогч өөрөө харагдаад байна гэж шүүмжилсэн. Хүний нүүрэн дээр дахин нүүр хийж байгаа гэдгийг үзэгчид маань ойлгохгүй байх шиг байна. Дууриаж буй хүнээ ядаж 50 хувь дууриалгахыг хичээж байгаа. Олны танил хүмүүсийг доромжиллоо гэсэн хандалтууд ч ирдэг. Монголд өмнө нь ийм төрлийн шоуг хийж байгаагүй гэдгийг дахин хэлье. Үүний эхлэлийг тавьж байж цааш хөгжинө. Бид хэн нэгнийг доромжилж, гутаахыг хүсээгүй гэдгийг үзэгчид маань сайн ойлгох хэрэгтэй. Та бүхэнд зориулж уран бүтээлээ хийж байгаа учраас аль болох ойлгохыг хүсье. Дараа жилээс үзэгчдээ 100 хувь байлдан дагуулахын тулд гаднаас мэргэжилтнүүд урих төлөвлөгөөтэй байгаа.
-Цаашдаа “Яг түүн шиг 2” гэж хийнэ гэсэн үг үү?
-Эхний ээлжинд анхны шоугаа амжилттай зохион байгуулж дуусах хэрэгтэй. Дараа дараагийн “Яг түүн шиг” шоуг зохион байгуулах талаар яриагүй байгаа хэдий ч дахин хийнэ гэж бодож байгаа.
-Сүүлд дуучин Л.Ган-Эрдэнэ “Susan Boyle”-ийг дууриахад маск хэрэглэсэн үү?
-Оролцогчид маань зөвхөн хамар, нүдэндээ маск зүүгээгүй. Нүд, ам нь гарсан бүтэн маск хэрэглэдэг. Монголд өмнө нь хийж байгаагүй учраас үзэгчид маань ойлгохгүй байх шиг байна. Жүжигчин Н.Мөнхсоёлын дууриасан Филипп Киркоровын дүрийг нэлээд шүүмжилж байсан хэдий ч хоёр зургийг харьцуулж харвал том хамар, өргөн шанаа нь төстэй болсон. Н.Мөнхсоёл маань эмэгтэй хүн учраас тэр хүнийг яг дууриаж чадахгүй шүү дээ. Хийсэн хүний нүд, үзэж байгаа хүний нүд хоёр өөр өнцгөөс хардаг байх.
-Шоуны найман оролцогчдыг хэрхэн сонгосон бэ?
-Оролцогчдоо аль болох нас, насны төлөөллөөс оруулъя гэж бодсон. Гадны “Яг түүн шиг шоу”-д аль болох дуучид оролцдоггүй, олны танил уран бүтээлчид оролцдог. Харин бид эхний дугаар учраас дуулж чаддаг хүмүүсийг сонгохоор шийдсэн юм. Маш олон хүнээс сонголт хийсэн. Зарим хүмүүс ажлын шалтгаанаар шоунд оролцохоос татгалзсан.
-Ер нь уг шоунд хэдэн оролцогч оролцох ёстой юм бэ?
-Шоуг зохион байгуулж байгаа улс бүр өөр байдаг. Аргентинд 14, Англид 6 гэх мэт харилцан адилгүй. Бид энэ удаа цаг хугацаандаа тааруулж, найман оролцогчийг сонгосон. 90 минут гэдэг чинь бүтэн кино үзэх хугацаа учраас хангалттай гэж үзсэн.
-Оролцогчдод шантрах асуудал тулгарч байна уу?
-Найман оролцогчидтойгоо анхнаасаа гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдэнд шантрах асуудал гардаг байх л даа. Шоу маань амжилттай явж байгаа учраас одоогоор гарах санал тавьсан оролцогч байхгүй.
-Шоуны цахим хуудсанд өмнө гарч байгаагүй дугаарын зураг тавигдсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид нүүр хувиргалт, тайзны тавилтуудыг сайн хийж байгаа. Тэр үеэр авсан зураг авалтын зураг алдагдсан юм шиг байна лээ. Бид шууд дамжуулж байгаа гэж зарлаагүй шүү дээ. Харин нэвтрүүлгийнхээ бичлэгийг ямар ч дубльгүйгээр 300 үзэгчдитэйгээр ганцхан удаа бичдэг.
-Одоогоор шоуны хөрөнгө оруулалт төлөвлөж байснаас хэтэрсэн үү?
-“Гэр” контент групп маань олон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаагийн төсөл маань дуусаагүй учраас санхүүгийн тайлангаа гаргаагүй байна. Илүү зардал ямар ч төсөл дээр гардаг. Одоохондоо санхүүгийн асуудал тулгараагүй байна.
-Алдартай шоуг зохион байгуулахад яагаад рекламаас татгалзах болов?
-Энэ шоуг их өндөр зардалтай бүтээж байгаа. Ивээн тэтгэгчдээ зөвхөн рекламаар гаргах нь хангалтгүй юм. Тиймээс бид ивээн тэтгэгчид болон үзэгчдээ хүндэлж рекламаас татгалзсан.
-Шоуны дугаар бүрт ялагч тодорч, гурван сая төгрөгийн эзэн болдог. Сүүлийн шатанд дахин 50 сая төгрөг авах уу?
-Уг шоуны нийт шагналын сан 50 сая төгрөг юм. Зарим нь дахин 50 сая төгрөг олгоно гэж буруу ойлгож байна. Шоуны зүгээс одоогоор 24 сая төгрөгийг гаргасан байгаа. Оролцогчдын мессеж саналыг хүртэл ил нээлттэй зарлаж байгаа нь шоу ертөнцөд анхдагч нь гэж бодож байна. Мөн тодорхой хэмжээг нь Мазаалай хамгаалах санд хандилаж байгаа. Ашиг харахгүй, хандив өгөхийг хүсч байгаа.
-Энэ шоуны эмэгтэй шүүгч нь зочин шүүгч байх ёстой юм уу?
-Нэвтрүүлгийн контентэд гурав дахь шүүгчийг зочноор оролцуулдаг журамтай. Манай шоуны хоёр дугаарт нэг шүүгч зочноор оролцдог. Сүүлийн гурван дугаар нэг, нэг шүүгчийг зочноор оролцуулж, үзэгчдийн сонирхлыг татах болно.
А.ЦЭЭСҮРЭН