Дарханы дулааны станцыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Дарханы дулааны станцыг шинэчилнэ

Дарханы дулааны станцыг шинэчлэх төслийн гэрээнд сая ЭБЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, төслийн гүйцэтгэгчээр ажиллах ОХУ-ын “Асен” корпорацийн ерөнхийлөгч В.И.Костюков нар гарын үсэг зурлаа.

Дарханы дулааны станц нь 1965 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш 46 дахь жилдээ Дарханыг дулаанаар, Дархан, Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байгаа юм байна. Станцын турбин, генераторын үндсэн эд анги элэгдэж Дарханы дулаан хангамжид ноцтой хүндрэл үүсч мэдэхээр байдалтой болжээ. Ингээд 12 сая еврогийн өртөгтэй шинэчлэлтийг Дарханы ирээдүйн хөгжил, эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны шугамаар урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байна. Шинэ станцтай болсноор Дарханы хэрэглэгчид 20-25 жил дулааны хангамждаа санаа зовохгүй болох гэж байна.

Гэрээнд Дарханы дулааны станцад 35 мегаВаттын турбиныг цахилгаан, дулааны дагалдах туслах тоноглолын хамт шинээр суурилуулж, эрчим хүч дамжуулах хүчний хоёр трансформаторын хүчин чадлыг хоёр дахин өсгөхөөр тусгасан байна. Энэ ажлыг “Асен” корпораци хоёр жилд гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж