Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, UB лавлах 1617-тай хамтран зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн дүүргийн 28 хороо, ерөнхий боловсролын сургуулийн 600 гаруй хүүхдүүд, 100 эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Энэ жилийн баярыг хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Уг арга хэмжээний үеэр хүүхдийн хөгжил, хамгааллын “Ирээдүй Монгол” ТББ үйл ажиллагааныхаа талаар хүүхдүүдэд танилцуулсан юм. Түүнчлэн сурлага, урлаг спортоор бусдыгаа хошуучилсан сурагчдыг шагнаж урамшууллаа.
Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн авьяаслаг багачууд тоглолтоо өргөн барив. Тоглолтын үеэр хүүхэд багачуудын дунд хөгжилтэй тоглоом, тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг өгч баярлууллаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.