Египетээс үр импортлохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Египетээс үр импортлохыг хориглолоо

Европын зарим улсуудад гэдэсний халдварт E. coli өвчин хэсэг хугацаанд дэгдэж цөөнгүй хүний аминд хүрсэн ч, сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авагчдын тоо эрс буурч нөхцөл байдал харьцангуй намжмал болж байна. Европын холбооны мэргэжилтнүүд халдварт өвчний эх үүсвэр Египетээс импортолдог буурцгийн соёолжийн үрээс гаралтай болохыг олж тогтоосон тул Египетийн зарим нэг хүнсний ногооны үрэнд импортын хориг тогтоож, тус улсын гол экспортлогчоос 2009-өөс 2011оны хооронд худалдан авч борлуулж байсан үрийг буцаан татаж, устгалд оруулахыг үүрэг болгожээ.

Импортын хориг нь Европын холбооны бүх гишүүн улсад хамаарах бөгөөд энэ оны арваннэгдүгээр сарыг дуустал хүртэл хүчинтэй байх юм. Өнгөрсөн 2010 онд Европын холбоо Египетээс нийт 56 сая евротой дүйцэх 49,000 тонн хүнсний ногооны үрийг худалдан авсан ч, Энэтхэг, Хятадаас тариалалтанд шаардлагатай дийлэнх үрийг импортолжээ.

Европын комисс E. coli өвчний нөхцөл байдалд үргэлжлүүлэн хяналт тавьж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээнүүдийг авах аж. E. coli-ийн халдвараар одоогийн байдлаар Германд 48 хүн, Шведид нэг хүн амиа алдаж, Европын холбооны гишүүн орнуудад нийт 4,178 өвчний тохиолдол бүртгэгдээд байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж