Чөлөөтийнхөнд дахиад визний асуудал тулгарчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөнд дахиад визний асуудал тулгарчээ

-Дэлхийн 200 гаруй орноос шигшигдсэн найман баг өрсөлдөх “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох эрэгтэй багийн тамирчдад дахин визний асуудал гарчээ. Тэд мөн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч өнөөг хүртэл тавигдаагүй байгааг Ерөнхий сайдад уламжлав-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр /2016.06.02/ Биеийн тамир, спортын хөгжлийн төвд ажиллалаа. Тэрээр энэ үеэр чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Бидний жилээр хүлээдэг байсан олимпийн их наадам хаяанд ирлээ. Хоёр сарын хугацаа үлдсэн энэ үед Үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзаж байна. Чөлөөтийн баг тамирчдын хувьд манай гол медаль хүртэх боломжтой төрөл гэж бид бүхэн харж байгаа. Та бүхэнд чухал шаардлагатай байгааг асуудлыг сонсъё” гэсэн юм.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ЭРЭГТЭЙ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ЦОГТБАЯР:

-“Чөлөөт бөхийн эрэгтэй багийн бэлтгэл ажилтай танилцаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл, мэнд, спортын сайд С.Ламбаа болон албаныханд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр чөлөөтийн баг тамирчдын хувьд АНУ-ын Лос-Анжелос хотноо болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор сүүлийн бэлтгэлээ хийлээ. Бид маргааш явах гэж байдаг. Гэтэл бидэнд дахин визний асуудал гарлаа. Өнгөрсөн жил Азийн аваргад явахад ийм асуудал үүсч, багш нар тамирчдынхаа өмнөөс барилдсан тохиолдол гарсан. Тэгвэл дэлхийн 200 гаруй орноос шигшигдсэн найман баг өрсөлдөх "Дэлхийн цом"-ын тэмцээнд манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр орж чадахгүй болоход хүрээд байна. Хэрэв тэгвэл маш харамсалтай байна. Бид холбоондоо дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тамирчдын нэрс, холбогдох бичиг баримтуудыг өгсөн. Гэтэл холбоо виза мэдүүлэхдээ хугацаа алдсан юм шиг байна. Багаараа ордог тэмцээнд гурван тамирчин оролцож чадахгүй бол бидний оноо буурна. Өнөөдөр тамирчид маань бэлтгэлээ хийгээд зааландаа байх ёстой байтал визээ хөөцөлдөөд Гадаад хэргийн яамны үүд сахиад сууж байна. Ажил энд ингэж л явагдаж байна. Энд байгаа холбооны төлөөлөл яагаад тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Монголын шигшээ багийн бүхэлдээ 2013 оноос хойш Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүгийн удирдлагад ажиллаж байгаа. Гэтэл дарга нар халаа сэлгээ хийж, энэ хүнийг одоо хүртэл ажилд нь томилохгүй, ажлыг нь хийлгэхгүй байна. А.Басхүү гэж хүн чөлөөт, жүдо бөх, бокс гээд бүх төрлийн спортын олимпийн циклийн дөрвөн жилийн төлөвлөгөөг гаргасан. Одоо энэ хүн албан ёсоор ажлаа хийж чадахгүй байгаа ч хувиараа зөвлөгөө өгөөд явж байна. Олимп болох гэж байхад ингэж бужигнуулж, ажил хийлгэхгүй байгааг болиулмаар байна. 

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ:

-Та бүхэнд тулгарч байгаа зүйлсийг сонслоо. Одоо зохион байгуулалтын асуудал гаргаж болохгүй. Бусад улсын Элчин сайдын асуудал манай харьяаны асуудал биш. Гэхдээ Монголын Засгийн газар өөрсдийн хүрээнд үүнд анхаарах ёстой. Өнөөдөр Гадаад хэргийн яам нот бичиг хүргүүлж, энэ асуудлыг тавихыг даалгалаа. Чөлөөтийн баг тамирчдын түүхэн амжилтууд биднийг бөхийн орон гэдгийг дэлхийд таниулсан. Сүүлийн жилүүдэд энэ амжилт улам ахиж, бүр багаараа бэлтгэгдэж байгаад талархаж байна. Засгийн газрын зүгээс бид бүх дэмжлэгийг үзүүлнэ. Өнөөдөр яригдсан визний асуудал, дасгалжуулагчийн орон тоо зэрэгт хамгийн хурдан арга хэмжээ авах талаар хэлье.

Ярианы төгсгөлд Ц.Цогтбаяр дасгалжуулагч “Чөлөөт бөхийн холбооны тамирчдын бэлтгэл, зардлыг 100 хувь Эрүүл, мэнд, спортын яам болон Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс хангалттай тусалж байна. Ганцхан бидэнд визний асуудал байна. Бид олимпод амжилт гаргахын тулд маш сайн хичээх болно” гэлээ.

Дэлхийн цомд явах баг тамирчдын гурвынх нь виз одоогоор гараагүй байгаа ажээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж